Гольфчин Рори Макилрой “Рио-2016”-д оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-06-23 16:42:36

ЛОНДОН. /Prensa Latina/. Дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг Умард Ирландын гольфчин Рори Макилрой “зика” вирусийн халдвар авахаас болгоомжлон “Рио-2016” Олимпын наадамд оролцохгүй байхаар шийджээ.

“Grand Slam”-ийн дөрвөн удаагийн аварга Макилрой хэлэхдээ “миний болон гэр бүлийнхний маань эрүүл мэндийн асуудал бүхний өмнө тавигдах ёстой” гэжээ. “Хэдийгээр “зика” вирусийн халдвар авах магадлал бага байгаа ч гэсэн эрсдэл бол эрсдэл. Тиймээс би ийм эрсдлийг үүрмээргүй байна” гэж өдгөө 27 настай нэрт тамирчин ярилаа.

Энэ сарын эхээр Ирландыг төлөөлөн Рио-2016-д оролцох байсан Макилрой цааш нь хэлэхдээ “ирландчууд миний энэ шийдвэрийг зөвөөр ойлгоно хэмээн бодож байна” гэжээ.

Тэрбээр “эх орондоо ч тэр, гадаадад ч тэр гольфийн тэмцээнд оролцох бүрт ирландчуудын халуун дэмжлэг надад ямагт маш чухал байдаг билээ. Би өөрийн хөгжөөн дэмжигчдээ өөрийн тоглолт болон тоглолтоос гадуурх үйл ажиллагаагаараа баярлуулахыг хичээх болно” гэжээ.

“Роритой хамт Риог зорихгүй болсон нь маш харамсалтай хэрэг боловч бид түүний шийдвэрийг хүндэлж байна гэж” Ирландын Олимпын хороо мэдэгджээ.

Австралийн голфьчин Марк Лайшман мөн адил “зика” вирусээс гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд Олимпт оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. 

"Зика” вирус нь дөнгөж төрсөн хүүхдийн тархины хөгжлийг саармагжуулдаг бол насанд хүрэгчдийн хувьд бэлгийн замаар дамждаг болох нь тогтоогдсоноос гадна "Гулайн-Барре" хэмээх хам шинжтэй төстэй мэдрэлийн өвчин үүсгэн, саажилт болон үхэлд хүргэдэг байна.

Х.Сарнай

Холбоотой мэдээ