Голын хамгаалалтын бүсэд олгосон газруудын эрхийг цуцална

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-06-14 16:21:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Голын хамгаалалтын бүсэд олгосон газруудын эрхийг цуцлах, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр үүрэг болгов.


Мөн газар эзэмших гэрээний болзлыг биелүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүйгээс тухайн орчны аюулгүй байдлыг алдагдуулсан байршилд газрын зөрчлийг арилгуулах, гэрчилгээг хүчингүй болгох, тухайн байршлыг нийтийн эзэмшлийн зориулалтаар төлөвлөх чиглэл өглөө.


Түүнчлэн, байгалийн унаган төрхийг  хадгалах, түүний тэнцлийг алдагдуулсан газруудад байгаль орчны үнэлгээ хийлгэн, дүгнэлт гаргах, голын голдирол өөрчилж, барилга барьсан газрыг хууль хяналтын байгууллагад өгч, нөхөн олговрыг  нэхэмжлэхийг шуурхай зохион байгуулахыг даалгав.


Шуурхай зөвлөгөөний үеэр зургадугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох цаг агаарын урьдчилсан төлөв гарсан. Мөн үер болох, хэт халах магадлалтайгаас гадна Туул, Ерөө, Онон голын усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см их байх төлөвтэй. Иймд үер, усны аюулаас сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, бэлэн байдлыг НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням танилцууллаа.


Энэ сарын 7, 8-нд орсон борооны улмаас усны түвшин нэмэгдэж, НОБг-т эдгээр өдрүүдэд 34 удаа дуудлага ирж, давхардсан тоогоор 145 албан хаагч, 38 ус соруулах насос, 39 тээврийн хэрэгсэлтэй ажиллажээ. Дийлэнх нь Сэлх, Туул, Дунд гол дагуу орон сууцны зоорийн давхарт хөрсний ус гарсан, айл өрхийн хашаанд ус орсон дуудлага байв.


Давхардсан тоогоор 57 алба хаагч зургаан удаа завьт эргүүлээр гарч,  Туул голын эрэг дагуу байрласан 221 автомашиныг ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж, хоёр иргэний амь насыг аварчээ

Холбоотой мэдээ