Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-06-09 21:22:24

УЛААНБААТАР. /AP/. Өргөн уудам нутагтай, далайд гарцгүй, гурван сая хүн амтай Монгол Улсад “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авах хязгаарлалтууд тогтоосонтой зэрэгцэн эдийн засгийг сэргээхээр хүчин чармайлт гаргаж буй энэ цаг үед Ерөнхийлөгчийн сонгууль болж байна.


Монгол Улс 1992 онд коммунист засаглалаас ардчилсан тогтолцоонд тайван замаар шилжсэнээс хойш тус улсын иргэд зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж буй нь энэ юм. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн улмаас улиран сонгогдох эрх нь хязгаарлагджээ.


Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг дурдвал, парламентад олонхын суудал эзэлж буй Монгол Ардын намаас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нэр дэвшиж байна. Тэрбээр намтартаа зэвсэгт хүчинтэй холбоо бүхий түүхтэй тул төрийн хэрэгт цэргийн оролцоо нэмэгдэх вий хэмээн зарим хүн санаа зовниж байна.


Мөн МАН-ын гишүүд Засгийн газрыг бүрдүүлж байгаа юм. У.Хүрэлсүхийн хамгийн том өрсөлдөгч нь сүүлийн үед нэр нөлөө нь багасах болоод буй Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ бөгөөд тэрбээр хэлэхдээ, У.Хүрэлсүх ялбал Монгол Улс дарангуйлалд орох аюулд буйг анхааруулжээ.


Технологийн компанийн тэргүүн асан Д.Энхбатын хувьд “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшиж байна. Түүний өгсөн “COVID-19”-ийн шинжилгээний хариу санал хураалт болох өдрөөс гурван хоногийн өмнө эерэг гарсан тул одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.


Ерөнхийлөгчийн алба нь ерөнхийдөө бэлгэ тэмдгийн шинжтэй албан тушаал хэдий ч зэвсэгт хүчнийг командлахаас гадна зарим тохиолдолд хууль тогтоомжид хориг тавих эрхтэй байдаг. Түүнд эрх мэдлийг парламент, Засгийн газар, Ерөнхий сайдын албанаас олгодог.


Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр, нийт 2 151 329 сонгогч бүртгэгдсэн байна. Санал авах байрнууд оройны 22:00 цагаас хаагдах бөгөөд ялагчийг хэзээ зарлах нь тодорхойгүй байна.


Сонгогчид саналаа өгөхдөө хоорондоо зай барих шаардлагатай. Мөн олон нийтийн цуглаанд хязгаарлалтууд тогтоосон нь сонгуулийн кампанит ажлын хүрээг ихээхэн хумьж, нэр дэвшигчдийг цахимаар сурталчилгаагаа явуулахад хүргэжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 1000-аас давах болсонтой холбогдуулан ням гаргаас кампанит ажлын хүрээнд биечлэн явуулах бүх үйл ажиллагааг зогсоосон байна.


COVID-19” халдварын 69022 тохиолдол бүртгэгдэж, халдвараар нас барагсдын тоо 324-т хүрээд буй Монгол Улсын эдийн засагт цар тахал ихээхэн сөрөг үр дагавар учруулаад байна. Тодруулбал, халдварын улмаас Улаанбаатар хот дахь зах, худалдааны төвүүд болон бусад аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоос өөр аргагүйд хүрсэн юм. Мөн нүүрс, зэс зэрэг Монголын экспортын гол бүтээгдэхүүний нийлүүлэлтэд үүссэн авлига, цар тахлын үүдэлтэй тасалдал нь эдийн засгийг сааруулж байна.


“Өнөөдөр миний саналаа өгсөн Ерөнхийлөгч эдийн засгийг эргэн хөл дээр нь босгоно гэдэгт найдаж байна. Цар тахлын улмаас Монголын эдийн засагт ихээхэн хүндрэл учраад байгаа” гэж сонгогч Б.Ундармаа хэллээ. Мөн өөр нэгэн сонгогч М.Энхболд, ажилгүйдэл нь улс орны өмнө хамгийн тулгамдсан асуудал болж буйг дурдаад, шинэ Ерөнхийлөгч олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүндийг сайжруулж, гадаадаас илүү их хөрөнгө оруулалт татна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.


Монгол Улс нь эрчим хүчний бараг бүх хэрэгцээгээ хангадаг ОХУ төдийгүй уул уурхайн бүтээгдэхүүний экспортынх нь 90 гаруй хувийг худалдан авдаг БНХАУ-аас улс төр, эдийн засгийн хувьд хараат бус байдлаа хадгалахыг эрмэлзсээр ирсэн билээ. 

Холбоотой мэдээ