1993-2021: Ерөнхийлөгчийн сонгуулиудын зарим онцлог

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-09 20:26:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш найм дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж байна.


Өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиудаас энэ жилийнх нэлээд онцлогтой болж байгааг тэмдэглэх нь зүй. Учир нь энэ жил дэлхий нийтээр коронавирусний цар тахлын амаргүй нөхцөлд байгаа юм. Монгол Улс ч дотооддоо халдварын тархалт нэмэгдэж байгаа хүнд цаг үед Ерөнхийлөгчийн сонгууль тохиож байна. Гэхдээ энэ сарын 9-ний байдлаар манай улсын хүн амын 77.2 хувь нь коронавирусний вакцины бүрэн тунд хамрагдаад буй юм. Тиймээс ч Ерөнхийлөгчийн сонгуулийг ээлжит хугацаанд нь халдвар хамгааллын дэглэмээ сахин зохион байгуулж байна.


-Зургаан удаа өөрчилж, зургаан жилээр сонгох болов-

Монгол Улс 1990 оноос хойш сонгуулийн эрх зүйн орчинг бий болгож, түүнийгээ боловсронгуй болгох, өөрчлөн сайжруулах, шинэчлэн найруулах ажлыг хийж иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай анхны хууль 1993 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр батлагдсан бөгөөд энэхүү хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.  1993, 1997, 2001, 2005, 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 1993 оны хуулийн дагуу зохион байгуулжээ.


2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, уг хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан юм. Харин Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулж явуулсан байна.



Хамгийн сүүлд буюу 2020 оны 12 дугаар сарын 20-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ удаагийн сонгуулиар, ялалт байгуулсан нэр дэвшигч төрийн тэргүүнээр зургаан жилээр нэг удаа сонгогдох онцлогтой. Учир нь 2019 оны 11 дүгээр сард баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгохоор хуульчилсныг сонгуулийн хуульд тусгажээ.


Энэ хууль 2021 онд ихээхэн маргаан дагуулсан асуудлын нэг болоод байв. Учир нь Үндсэн хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдох заалт 2021 оноос хэрэгжиж эхлэхээр заасан. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших үү, үгүй юу гэдэг асуудал олон нийтийн анхааралд өртөж, ҮХЦ-д очоод амжив. ҮХЦ-ийн дүгнэлтээр, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаагүй хүнийг сонгогдох эрхтэй байх зохицуулалт тусгах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс УИХ-ын чуулганы 2021 оны дөрөвдүгэр сарын 29-ний хуралдаанаар эл зохицуулалтыг тусгаж, нэмэлт, өөрчлөлт оруулснаар, одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй болсон юм. 


-Эмнэлгээс өрсөлдөж буй анхны нэр дэвшигч-

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 9-ний өдөр орон даяар явагдаж байна. Сонгуульд парламентад суудалтай улс төрийн хоёр нам, нэг эвслээс нэр дэвшигчид өрсөлдөж байгаа бөгөөд 15 хоногийн хугацаанд сурталчилгаагаа явуулж, энэ сарын 8-ны 0.00 цагт бүрэн зогсоогоод байгаа юм. 



Эрх баригч буюу МАН-аас У.Хүрэлсүх, сөрөг хүчин буюу АН-аас С.Эрдэнэ, гуравдагч хүчин болох “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат нэр дэвшээд буй. Нэр дэвшигч Д.Энхбатын хувьд сонгуулийн сурталчилгааны явцад коронавирусний халдвар авсан бөгөөд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын түүхэнд анх удаа нэр дэвшигч эмнэлэгт, тусгаарлалтын орчноос сонгуульд өрсөлдөж байгаа юм. 



-Хамгийн идэвхтэй сонгууль-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны буюу 1993 оны сонгуульд нийт нэг сая 106 мянга 403 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс нэг сая 25 мянга 970 сонгогч буюу 92.73 хувь нь санал хураалтад оролцсон нь хамгийн идэвхтэй үзүүлэлт юм. 

Харин 1997 онд нэрийн жагсаалтад бүртгэлтэй сонгогчдын 85.06 хувь, 2001 онд 82.94 хувь, 2005 онд 74.98 хувь, 2009 онд 73.59 хувь, 2013 онд 66.50 хувь, 2017 оны ээлжит сонгуулийн анхны санал хураалтад сонгогчдын 68.27 хувь, хоёр дахь санал хураалтад 60.67 хувь нь тус тус оролцож саналаа өгсөн болно. Үүнээс харахад, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох иргэдийн идэвх ээлжит сонгууль бүрд буурсаар байгаа нь ажиглагдаж байна. 



-Дахин санал хураав-

2017 оны ээлжит сонгуулиар УИХ-д суудал бүхий Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Намаас 3 хүн нэр дэвшиж, санал авах ажиллагаа 2017 оны зургаадугаар сарын 26-ны өдөр явагдсан бөгөөд уг санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй юм. Иймд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн тав дахь хэсэгт заасны дагуу анхны санал хураалтаар хамгийн олон санал авсан буюу Х.Баттулга, М.Энхболд нарыг дахин санал хураалтад оруулж байв. Дахин санал хураалтыг 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр зохион байгуулсан бөгөөд гадаад улсад байгаа иргэдээс дахин санал авах ажиллагааг мөн сарын 4, 5-ны өдрүүдэд явуулснаар, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга олонхын санал авч төрийн тэргүүнээр дөрвөн жилээр сонгогдов. 



-Гадаад улс дахь иргэдийн саналыг авч эхлэв-

Монгол Улс төрийн тэргүүнээ сонгох сонгуульд гадаадад байгаа иргэдээ оролцуулах эрхийг 2013 оноос баталгаажуулсан. Улмаар, 2013, 2017 оны сонгуульд гадаад оронд байгаа сонгогчдынхоо саналыг авсан юм. Тодруулбал, Гадаад оронд байгаа Дипломат төлөөлөгчийн газарт 2013 оны сонгуулиар 39 салбар комисст 4276 иргэн бүртгүүлж, 2779 иргэн буюу 64,99 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн бол 2017 онд 45 салбар комисст 7374 иргэн бүртгүүлж, 4816 сонгогч саналаа өгч, сонгогчдын ирц 66.8 хувь байлаа. Дахин санал хураалт 2017 оны долоодугаар сарын 4, 5-ны өдөр 42 салбар комисст явагдаж, 2676 сонгогч буюу бүртгэгдсэн иргэдийн 37.12 хувь нь саналаа өгчээ.

Энэ жилийн хувьд мөн гадаадад байгаа 7 394 хүн нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс  5618 сонгогч саналаа өгсөн байна.



-Автомат систем нэвтрүүлэв-

2011 онд батлагдсан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу Ерөнхийлөгчийн 2013, 2017 оны сонгуулийг сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох, дүн мэдээ дамжуулах ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан техник хэрэгсэл, програм хангамжийг амжилттай нэвтрүүлэн ашиглаж байна.

2017 оноос санал хураалтын үр дүнг санал авах, тоолох төхөөрөмжөөс Сонгуулийн Ерөнхий Хорооны төв серверт дамжуулж, улмаар олон нийт, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд шууд дамжуулан үзүүлэх болсон. Энэ нь өмнөх сонгуулиудаар гараар тоолоход гарч байсан алдааг давтахгүйгээр, үр дүнг хурдан шуурхай, үнэн бодитоор гаргахад ихээхэн ач холбогдолтой ажил болсон юм. 


-Энэ удаа автоамт техникээс гадна 100 хувь гараар тоолно-

Сонгогчийн санал авах, тоолох, дүн дамжуулах төхөөрөмжийн дүнг баталгаажуулах зорилгоор сонгуулийн дүн гарсны дараа санамсаргүй сонгох аргаар сонгуулийн хэсгүүдийн 50 хүртэлх хувийг сонгон авч, саналын хуудсыг гараар техникийн тооллого хийж үр дүнг баталгаажуулж байв. Техникийн тооллого хийгдсэн нийт хэсгийн дүн нь автомат төхөөрөмжийн дүнтэй тохирч, зөрүү гараагүй гарч байгаагүйг дурдах нь зүйтэй.


Түүнчлэн сонгуулийн дүнг орон даяар шууд дамжуулан үзүүлдэг болсон нь мэдээлэл, технологийн эрин зуунд ажиллаж, амьдарч байгааг мэдрүүлж, сонгуулийн үр дүнгээс хамаарсан аливаа нэг үймээн самуун, үл ойлголцол, хардлага үүсэхээс сэргийлж чадсан томоохон дэвшил болсон. Үүнийг олон нийт болон сонгуульд оролцсон талууд, гадаад, дотоодын ажиглагчид өндрөөр үнэлж байв. 



Энэ удаагийн сонгуульд ч мөн адил санал авах, тоолох, сонгогчийг бүртгэх автоматжуулсан техник, хэрэгсэл, програм хангамжийг ашиглаж байна. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн саналын хуудсыг бүх хэсгийн хороонд 100 хувь гараар тоолох шинэ зохицуулалтыг 2020 оны 12 дугаар сарын 26-нд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгажээ.


-Ерөнхийлөгчийн албан тушаал бий болсон нь-

Анх 1924 онд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монголын төрийн тэргүүн болгож байжээ. Бага хурлыг татан буулгасны дараа УИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, хожим нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Хамгийн сүүлд 1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар Ерөнхийлөгч гэсэн цол, албан тушаалыг бий болгосон юм. Тухайн үеийнхээр, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны бөгөөд сүүлчийн, цор ганц Ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбат сонгогдож байсан юм. Түүнээс гадна Монголын анхны бөгөөд цор ганц дэд ерөнхийлөгчөөр Р.Гончигдорж 1990-1992 онд ажиллаж байв.

1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг шинэчлэн батласнаар БНМАУ гэдэг нэрийг Монгол Улс болгон өөрчилсөн юм. П.Очирбат нь 1993 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болон дахин сонгогдсон. Үүнээс хойш 1997, 2001 онд Н.Багабанди, 2005 онд Н.Энхбаяр, 2009, 2013 онд Ц.Элбэгдорж сонгогдож байв. Харин 2017 оны сонгуулиар Х.Баттулга сонгогдон ажиллаж байна.

Холбоотой мэдээ