Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүх саналаа өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр 7.30 цагийн орчимд саналаа өгчээ.
Тэрбээр, Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд саналаа өгсөн байна. Саналаа өгсний дараа тэрбээр, "Энэ жил улс тунхагласны түүхт 100 жилийн ой, Монгол Улсад төрт улс бий болсны 2230 жилийн ой, Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож байна. Тэгш ойнууд давхацсан түүхэн онцлогтой жил болж байгаа юм. Энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль давхар явагдаж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй, сайхан үйл явдал гэж бодож байна. Монгол хүн бол Монголын баялаг. Монголын ард түмэн түүх соёлынхоо эзэн нь байх ёстой. Хамт нэр дэвшиж буй С.Эрдэнэ, Д.Энхбат нарт сонгуульд нь амжилт хүсье. Ялангуяа эмнэлэгт эмчлүүлж буй Д.Энхбат нэр дэвшичгдээ хурдан эдгэхийг ерөөж гэр бүлд нь сайн сайхныг хүсье" хэмээв.
Ташрамд дурдахад, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ, 12.00 цагт Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн байранд саналаа өгнө. Харин "Зөв хүн электорат эвсэл"-ээс нэр дэвшигч Д.Энхбат зөөврийн хайрцгаар саналаа өгчээ. Тэрээр сонгуулийн сурталчилгааны явцад коронавирусний халдвар авсан бөгөөд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.