Монголчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгоно

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-06-08 22:57:00

УЛААНБААТАР. /Reuters/. Монголчууд лхагва гарагт зургаа дахь ерөнхийлөгчөө сонгоно. Эрх баригч Монгол Ардын намын хувьд “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авах хязгаарлалтуудын хүрээнд цомхон явуулсан кампанит ажлын дараа эрх мэдлээ бэхжүүлэх эсэх нь шийдэгдэх гэж байна.


У.Хүрэлсүх Улаанбаатар хотноо сонгуулийн кампанит ажлынхаа үеэр. Гэрэл зургийг: Б.Рэнцэндорж


Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн дагуу Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгохоор болсонтой холбоотойгоор сөрөг хүчний Ардчилсан намаас сонгогдсон, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг улиран сонгогдох боломжгүй болсноос хойш явуулж буй анхны сонгууль энэ болж байна.


У.Хүрэлсүх кампанит ажлынхаа үеэр дэмжигчидтэйгээ мэндчилж байна. Гэрэл зургийг: Б.Рэнцэндорж


Энэ оны эхээр өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын улмаас Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон У.Хүрэлсүхийн хувьд парламент, Засгийн газрыг хянаж буй МАН-аас нэр дэвшиж байна. Харин Ардчилсан нам Х.Баттулгын халааг авахын төлөө өрсөлдөх хүнээр С.Эрдэнийг сонгожээ.


Нийслэл Улаанбаатар хотод “COVID-19” халдварын тархалттай тэмцэж байгаатай холбоотойгоор сонгуулийн кампанит ажлыг цомхон хүрээнд явуулж байна. Монголд өнгөрсөн долоо хоногт халдварын улмаас өдөрт хамгийн олон хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн мэдээллээр ийм тохиолдлын тоо 325-д хүрчээ.


“Коронавирусний халдварын улмаас сонгуулийн кампанит ажлын талаарх мэдээлэл маш дутмаг байгаа тул сонголт хийх үедээ шийдвэрээ гаргана” гэж 22 настай сонгогч Г.Ганбаяр хэлэв.


У.Хүрэлсүхийн сонгуулийн кампанит ажлын хүрээнд зохион байгуулсан цуглаанд оролцож буй хүмүүс. Гэрэл зургийг: Б.Рэнцэндорж


Бямба гарагт У.Хүрэлсүхийг дэмждэг 1000 орчим хүн нэгэн тоглолтын танхимын гадна жагсаал хийсэн боловч түүний өрсөлдөгч, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын өгсөн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан кампанит ажлаа цахим хэлбэрт шилжүүлжээ.


Монголын улс төрийн холимог засаглал нь парламентад хууль тогтоох, Засгийн газрыг томилох эрх мэдлийг олгодгоос гадна Ерөнхийлөгчийг хууль тогтоомжид хориг тавих эрхээр хангадаг.


Сонгогчид урьд нь ихэвчлэн сөрөг хүчний намын нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгож байсан. Хэдийгээр сонгуульд ялагчид намын харьяаллаасаа татгалзах ёстой ч намын чиг шугамдаа тохируулан хууль тогтоомжид хориг тавин улс төрийн мухардмал байдал бий болгох хандлагатай байдаг нь улс орны хөгжлийг хойш нь татдаг гэж зарим хүн үзэж байна.


У.Хүрэлсүхийн ухуулах байрны урдуур алхаж буй залуу. Гэрэл зургийг: Б.Рэнцэндорж


Хэдийгээр бизнес эрхлэгч бөгөөд бөх барилддаг байсан Х.Баттулга өөрийнх нь сонгуульд өрсөлдөх эрхийг хязгаарлах шийдвэрийг буцааж чадаагүй ч тэрбээр зарим сонгогчийн дунд нэр хүндтэй хэвээр байна. “Х.Баттулга хүмүүсийн төлөө нэлээд их зүйлийг хийсэн. Тэрбээр аливааг хийж гүйцэтгэж чаддаг нэгэн” гэж 67 настай Х.Цэцэгмаа хэллээ.


Гэсэн ч түүнийг эрх баригч намын албан тушаалтнуудыг сөрөн зогсож чадаагүйд зарим хүн сэтгэл дундуур байгаа талаар “Нээлттэй нийгэм” форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг ярив. Х.Баттулга Монголын ардчилалд сөрөг үр дагавартай тохиролцоонуудыг МАН-тай байгуулсан гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.


МАН-ын гишүүд олонхын суудал авсан парламент Х.Баттулгад шүүгч нар болон авлигатай тэмцэх ажилтнуудыг халах, солих эрх өгөхөөр тохиролцсоныг эрх мэдлээ өргөжүүлэх оролдлого гэж шүүмжлэгчид үзсэн байна. Reuters” агентлагийн тодруулга авах хүсэлтэд МАН болон У.Хүрэлсүхийн хэн хэн нь хариу өгөөгүй юм.


“Дарангуйлалгүй Монгол”

Ардчилсан нам энэ удаагийн сонгуулийн кампанит ажлын уриагаа “Дарангуйлалгүй Монгол” хэмээсэн бөгөөд тус намаас нэр дэвшигч С.Эрдэнэ “Reuters” агентлагт, “МАН-ын ялалт улс орныг нэг намын давамгайлал руу шилжихэд улам ойртуулж магадгүй” хэмээн ярьжээ.


“Өнөөдөр та МАН-ын гишүүн биш бол, эрх баригч намд ямар нэгэн холбоо хамааралгүй бол хүссэн бизнесээ эрхлэх, хүссэн чиглэлээрээ сурах, хүссэн замаараа амьдрах боломжгүй болоод байна” гэж тэрбээр хэлэв.


Хоёр том намын аль аль нь Монголын 30 жилийн түүхтэй ардчиллыг сүйтгэж байна хэмээн нэг нэгнээ буруутгах болоод байгаа юм.


Энэ талаар “Сант Марал” сангийн улс төрийн шинжээч, судлаач Л.Сумати хэлэхдээ, "Хоёр намын хоёулангийнх нь зөв. Тэдгээрийн аль аль нь ардчиллыг сүйтгэж байгаа бөгөөд хэн нь илүү гэдгийг хэлэхэд амаргүй юм” гэв. Түүнчлэн тэрбээр МАН-ыг ялна гэж таамаглаж байгаагаа хэлэв.


“Ардчилсан намын хувьд кампанит ажил бараг өрнүүлэхгүй байгаа бол Д.Энхбатын хувьд хотын бүсэд хоосон саналуудыг авахын төлөө нэлээд сайн ажиллаж байна. Гэвч түүний ялах боломжийг хүчтэй МАН-ын тогтолцоотой харьцуулахад маш бага юм” гэж тэрбээр хэллээ.


Энэхүү нийтлэлийг Улаанбаатар хот дахь сэтгүүлч Т.Ананд, Шанхай хот дахь сэтгүүлч Дэвид Стэнвэй нар бичжээ. 

Холбоотой мэдээ