Нефтийн үнэ өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-06-02 14:18:38

НЬЮ-ЙОРК. /Reuters/. Нефть олборлогч томоохон орнууд олборлолтын одоогийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсоны дараа нефтийн үнэ мягмар гарагт өсжээ.


Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нефтийн долоодугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 1.4 ам.доллароор өсөж, 67.72 ам.долларт хүрсэн байна.


Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нэг торх нефтийн наймдугаар сарын үнэ 93 центээр өсөж, 70.25 ам.долларт хүрчээ.


Мягмар гарагт Нефть экспортлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд /OPEC+/ нефтийн олборлолтоо аажмаар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.


Тус бүлэг дөрөвдүгээр сарын уулзалтаараа зах зээлд 5-7 дугаар сард өдөрт нийлүүлэх нефтийн хэмжээгээ 2.1 сая орчим торход хүргэхээр шийдвэрлэсэн юм.


OPEC+” дараагийн уулзалтаа ирэх долоодугаар сарын 1-нд товлосон байна. 

Холбоотой мэдээ