Сумын малчид ногоон тэжээл тариалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-05-26 20:13:50

Завхан/МОНЦАМЭ/. Асгат суманд 1300 гаруй га талбайд үр тариа ногоон тэжээл тариалжээ.

Тус суманд 1992 оноос хойш сумын газар тариалангийн үйлдвэрлэл бүрэн зогссон байсан. 2010 онд газар тариалангаа сэргээж ”Баяндарь” ХХК-ийн салбарыг сумандаа байгуулж, анх 700 орчим га талбайд улаан буудай, хөх тариа тариалж эхэлсэн ажээ. Одоо тус компани арваад жил тасралтгүй газар тариалангийн үйл ажиллагааг явуулж байна. Өнгөрсөн жил гэхэд 1000 орчим га талбайд улаан буудай, овьёос, хөх тариа тарьж амжилттай ургац хураан авчээ. Мөн аймгийн Бэлчээр ашиглалтын холбоотой хамтран малчдын оролцоотойгоор 21 га талбайд ногоон тэжээл тариалжээ. Намар нь малчид өөрсдөө хурааж авдаг байна. Түүнчлэн “Аг цонж”, “МЦААН” ХХК-ууд 270 орчим га талбайд үр тариа тариалжээ. “Аг цонж” ХХК-ийн хөрөнгөөр сумандаа хоногт гурваас таван тонн багсармал тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай тэжээлийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан нь үр дүнгээ өгч байгаа. Ингэснээр малчид сумандаа өвс, тэжээлээр бүрэн хангагдах боломжтой болсон төдийгүй газар тариалангаа сэргээснээр мал зудад ажрахгүй онд ороход ихээхэн нөлөө үзүүлдэг болсон тухай сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ