Ногоон хөгжилд Хэнтийчүүдээ уриалсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-21 15:42:49

Хэнтий аймгийн Чингис хотын  Хэрлэн сумын 2-р багийн ИНХ-ын дарга Г.Оюун төрийн албанаасаа тэтгэвэрт гарсан ч зүгээр суусангүй, жил бүрийн хавар модны тарьц суулгац тарьж түгээдэг байсан бол сүүлийн жилүүдэд хүүхэд багачуудад Эко сургалт явуулдаг болжээ.

Тэр энэ жил ЕБС-ийн 7-10-р ангийн 36 бүлгийн 700 гаруй сурагчдад “Ногоон байгууламжинд бидний оруулах хувь нэмэр” сургалт явуулж, сургуулийнхаа хашаанд тарьсан модны нүхийг томсгож, хогыг нь цэвэрлэн, цэнэг усалгаа хамт хийснээрээ хүүхдүүдэд ихээхэн урам зориг өгчээ.

Төрийн албанд зүтгэж байснаасаа ч илүү цаг заваа энэ ажилдаа зориулж явна. Түүний энэхүү хөдөлмөр зүтгэлийг үнэлж хан хэнтийчүүд өнгөрсөн жилийн 9 алдартанд нэрийг нь дэвшүүлж хамгийн олон санал авсан эхний 15 нэр дэвшигчид багтааж байв. Мөн түүнийг “Хан Хэнтийн бүсгүйчүүд” ТББ-аас “Байгальд ээлтэй шилдэг эмэгтэй”-гээр шалгаруулж урамшуулжээ.  Түүнчлэн Оюуны нийгмийн идэвх оролцоог илтгэх олон албыг түүнд итгэж даатгадаг. Тухайлбал, тэр Даян дэлхийн байгаль орчныг хамгаалах сангийн Жижиг төсөл хөтөлбөрийн газрын зүүн бүсийн зохицуулагчаар ажиллахын зэрэгцээ “Хөгжилд хүрэх түншлэл” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг гавъяа зүтгэлийг нь үнэлж НҮБ-ын нэр хүндтэй шагнал хүртээж байв.

Г.Оюун олон жил хамт ажилласан эмч нараа уриалан Чингис хотын амралтын хүрээлэнд олон тооны мод тарьж арчилж ургуулах аргыг хүмүүст заасан. Энэ мэтээр өөрийгөө, өрх гэрээ ногооруулж чадсан тэрбээр өргөн олон түмнээ ногоон орчинд аз жаргалтай амьдрах үйлст уриалан дуудсаар явна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ