Т.Бах: Олимпын наадамд оролцогчдын 80 гаруй хувь нь вакцин хийлгэсэн байх болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-19 16:58:48

ТОКИО. /TASS/. Токиогийн Олимпын наадамд оролцох тамирчдын 80 гаруй хувь нь Японд ирэхдээ коронавирусний вакцин хийлгэсэн байх болно гэж Олон улсын олимпын хорооны тэргүүнТомас Бах мэдэгджээ.


“Олимпын тосгонд ирэх тамирчдын 75 хувь нь коронавирусний вакцин хийлгэсэн эсвэл вакцинд хамрагдах боломжоор хангагджээ. Энэ үзүүлэлт 80 хувийг давна гэдэгт итгэлтэй байна” гэж Т.Бах хэлсэн байна. 


Олимпын наадамд оролцох гадаадын тамирчдыг үнэгүй вакцинжуулах асуудлаар эрх баригчид “Pfizer” компанитай тохиролцсон тухай Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ лхагва гарагт парламентад үг хэлэх үеэрээ мэдэгджээ. 


Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Олимп ирэх долоодугаар сарын 23-наас эхлэх бол Паралимпыг наймдугаар сарын 24-нөөс эхлүүлэхээр товлоод байгаа юм. Үүнээс гадна наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид 3 дугаар сарын 20-нд гаргасан. Харин Япон үзэгчдийг оруулах эсэх шийдвэрийг халдварт өвчний нөхцөл байдал хэрхэхээс хамаарч ирэх сард гаргах аж.

Холбоотой мэдээ