“Pfizer”-ийн вакциныг хөргөгчийн хэмд нэг сар хадгалах боломжтой

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-05-18 15:58:01

БРЮССЕЛЬ. /BBC/. Европын Холбооны /ЕХ/ эм, эмийн бүтээгдэхүүний асуудал хариуцсан байгууллага “Pfizer” компанийн вакциныг хөргөгчийн хэмд өмнө нь зөвлөж байснаасаа удаан хугацаагаар хадгалах боломжтой гэдгийг мэдэгджээ.


Европын Эмийн агентлагийн /EMA/ мэдээлснээр, вакциныг гэсгээсний дараа онгойлгохгүйгээр хөргөгчинд нэг сар хүртэл хадгалах боломжтой байна. Өмнө нь ийм тохиолдолд таван хоног хадгалах боломжтой гэж үзэж байсан юм.


Ийнхүү вакцины хадгалах горим уян хатан болсноор ЕХ-ны вакцинжуулалтын явцад ихээхэн нөлөө үзүүлэх төлөвтэй байна гэж "EMA" мэдээлжээ. 


Pfizer”-ийн вакциныг хэт хүйтэн хэмд тээвэрлэж, хадгалдаг нь уг вакцины хувьд томоохон сул тал болоод байсан юм. Тодруулбал, хадгалалтын өмнөх горим нь вакциныг дэлхийн зарим хэсэгт хэрэглэхэд хүндрэлтэй болгож байжээ.


Харин энэ оны хоёрдугаар сард АНУ “Pfizer”-ийн вакциныг цельсийн хасах 15-25 хэм буюу хөлдөөгчийн стандарт горимд хоёр долоо хоног хадгалан тээвэрлэхийг зөвшөөрсөн байна.


Ташрамд дурдахад, Канад уг вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг энэ сарын эхээр зөвшөөрснөөр ийм зөвшөөрөл олгосон дэлхийн анхны улс болсон билээ. 

Холбоотой мэдээ