Илон Маск хамгийн баян хүмүүсийн жагсаалтын гуравдугаарт оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-05-18 13:39:08

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Америкийн бизнес эрхлэгч Илон Маск “Bloomberg” агентлагаас гаргадаг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад гуравдугаарт орж, ухарсан байна. Түүний хөрөнгийн хэмжээ “Tesla” компанийнх нь үнэлгээ унасны улмаас буурчээ. 


“Bloomberg”-ийн шинжээчдийн тооцоолсноор, Маскийн хөрөнгө даваа гарагийн орой гэхэд 160.6 тэрбум ам.доллар болж буурсан байна. Ингэснээр Францын LVMH (Louis Vuitton Moet Hennessy) группийн ерөнхий захирал Бернард Арно 161.2 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө жагсаалтын хоёрдугаарт бичигдэх болжээ. Жагсаалтыг 190 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, “Amazon” компанийн тэргүүн Жефф Безос тэргүүлсэн хэвээр байна.


Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийнх нь үнэлгээ унаж байгаагийн улмаас Маскийн хөрөнгө буурч байгааг шинжээчид онцолсон байна. “Bloomberg”-ийн шинжээчдийн тооцоолсноор, хагас дамжуулагчийн хомсдол, мөн шатахуунаар ажилладаг автомашин үйлдвэрлэгчдийн хүчтэй өрсөлдөөний улмаас “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ сүүлийн хоёр сард 20 орчим хувиар унажээ. 


Tesla”, “SpaceX” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск энэ оны нэгдүгээр сард дэлхийн хамгийн баян хүн болж, “Bloomberg” агентлагийн жагсаалтад “Amazon” компанийн тэргүүн Жефф Безосыг ардыг орхиж байсан юм.


Тухайн үед Маскийн хөрөнгө 188.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан бол дараа нь 190 тэрбум ам.доллар болж өсөж байв. Харин хоёрдугаар сарын сүүлчээр жагсаалтын хоёрдугаарт бичигдэж эхэлжээ. 

Холбоотой мэдээ