3000 гаруй мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-өөр Баянхонгор суманд нийт 1500 гаруй иргэн, 75 аж ахуйн нэгж, албан байгууллага идэвх санаачилгатай оролцжээ.
Мөн өдөр 3364 ширхэг мод бут, сөөгийг Баянхонгор сумын нутаг дэвсгэрт тарьж, аймгийн төв тойрсон ойн зурвас болон Түйн гол дагуух хуваарьт газруудад усалгаа арчилгаа хийсэн байна. Түүнээс гадна орчны хог хаягдлыг цэвэрлэн, хайс хашааг будаж өнгийг сэргээн, хуучин модны тогоог гаргаж, Түйн голын сав газрын талбай дахь чулууг түүж хамгаалалтын цэг татах ажлуудыг хамтын хүчээр хийжээ.
Мод тарих өдрүүд энэ оны зургадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх тул "Нэг иргэн-Нэг мод" аянд ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалав. Шинээр мод тарих боломжгүй иргэд, аж ахуй нэгжүүд өмнө тарьсан модыг арчилж, ургуулахад оролцох боломжтой аж.