Гэр бүлийн өдөр “Үлгэр жишээ” гэр бүлийг өргөмжлөв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-05-15 14:27:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын гэр бүлийн өдөр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран хүмүүст амьдрал бэлэглэж хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулсан донор гурван гэр бүлийг “Үлгэр жишээ” гэр бүлээр өргөмжиллөө.

Хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулж хүний амь нас аварсан мөнгөн донор, хүрэл донор “Үлгэр жишээ гэр бүл Д.Бадрахсүрэн, С.Содгэрэл, Д.Эрдэнэбат нарын гэр бүлд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шагнал “Хүний төлөө” өргөмжлөл дурсгалын зүйл гардууллаа. Тус ажиллагаанд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа, мэргэжилтэн Д.Мягмарсүрэн нар оролцож, цусны донор гэр бүлийнхэнд Олон улсын гэр бүлийн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийлж гэр бүлүүдийг алдаршууллаа.




Манай улс Олон улсын гэр бүлийн өдрийг 18 дахь жил тэмдэглэж байна. COVID-19”-ийн хорио цээрийн дэглэмийн үед Олон улсын гэр бүлийн өдрийг онлайнаар гэр гэрээсээ тэмдэглэж, зөв дадал хэвшлийг бий болгохыг уриалж байна. Гэр бүлдээ үр бүтээмжтэй цагийг зарцуулж, халуун дулаан уур амьсгалыг бий болгох, өдөр тутамдаа хэвшүүлсэн шинэлэг зүйлийг бусдадаа хуваалцах, аливаа зүйлийг дагуулан сургах, ярилцах, сонсох, гэр бүлийн тогтвортой харилцааг төлөвшүүлэхэд энэ өдөр чиглэж байна.


Олон улсын гэр бүлийн өдрийг гэр гэрээсээ цахимаар тэмдэгдэхийг уриаллаа.





Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь гэр бүлийн өдрийг угтаж угийн бичгээ хөтөлж сурах онлайн цуврал сургалт явуулжээ. 5 дугаар сарын 19-нд “COVID-19” цар тахлын үеийн гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга зүй” сэдвээр 22 дэхь эрдэм шинжилгээний бага хурлыг мөн  онлайнаар зохион байгуулав.

Холбоотой мэдээ