“Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төв”-тэй болохыг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-20 20:46:32

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Багийн нэгдсэн төвд “Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бүтээлч санал санаачилга, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг багуудын ажлын алба, угтах үйлчилгээнээс зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид оролцож, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлж болохуйц санал бодлоо илэрхийлсэн юм. Тухайлбал иргэд хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад санхүү, хөрөнгийн асуудал хүнд болсон. Зээл авахад шаардлага өндөр тавигддаг болсноор бараа бүтээгдэхүүний эргэлтийн санхүүжилт тулгамдаж, үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байгаа” гэж байв.

Мөн жижиг бизнес эрхлэгчид энд тэнд тархай бутархай байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа тул хэн, хаана, юу хийж байгааг худалдан авагчид тэр бүр мэддэггүй. Тиймээс “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төв” гэсэн байрыг шийдвэрлэж өгвөл их том хөрөнгө оруулалт болно, борлуулалт нэмэгдэж, амьжиргаа дээшлэх боломж бүрдэнэ гэж байв. Үүнийг дагаад ажлын байр ч нэмэгдэнэ гэлээ.

Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид иргэдээс гарсан санал, хүсэлтийг тэмдэглэн авч сумын удирдлагуудад уламжлахаар болов.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ