Япон вакцины асуудлаарх дээд хэмжээний уулзалт зохион байгуулна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-05-12 09:56:09

ТОКИО. /NHK/. Япон улс коронавирусний вакциныг дэлхий даяар хэрхэн хуваарилах талаар хэлэлцэх цахим дээд хэмжээний уулзалт зохион байгуулна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү мягмар гарагт мэдэгджээ.


Түүний мэдээлснээр, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Гави холбоотой хамтран ирэх зургаадугаар сарын 2-нд зохион байгуулах энэхүү уулзалтад Ерөнхий сайд Сүга Ёшихидэ оролцох ажээ.  


Дэлхий даяар коронавирусний халдвар тархаад буй энэ цаг үед вакциныг тэгш хуваарилах нь тулгамдсан асуудал болоод байгааг М.Тошимицү онцлон тэмдэглэжээ. Мөн энэхүү уулзалт хөгжиж буй орнуудад аюулгүй, үр дүнтэй вакцин нийлүүлэх олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.


Үүний зэрэгцээ Япон улс коронавирусний вакциныг тэгш хийгээд хүртээмжтэй хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөрт нэмэлт санхүүжилт олгох боломжийг судалж магадгүй гэдгийг тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ дурдсан байна. Тус улсын хувьд “COVAX” хөтөлбөрт 200 сая ам.долларын дэмжлэг үзүүлээд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ