Вакцинжуулалтын гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-05-11 18:39:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Улаанбаатар хот дахь гадаадын Дипломат болон Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг өнөөдөр хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газар 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулав.


Уулзалтад Дипломат болон Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын 25 тэргүүн оролцов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын дэвшүүлсэн “Цар тахлыг даван туулах”, “Эдийн засгаа сэргээх”, “Дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоо”, “Шударга ёс, цахим засаглал” гэсэн 4 томоохон зорилтын хүрээнд авч хэрэгжүүлсэн ажил болон хүрсэн дүнгийн талаар танилцуулав. Мөн иргэдээ вакцинжуулах ажил, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний биелэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэ үеэр Монгол Улсад вакцин нийлүүлсэн ОХУ, БНХАУ, БНЭУ, мөн КОВАКС хөтөлбөрийн бүх донор улс, олон улсын байгууллагуудад чин сэтгэлийн талархлаа илэрхийллээ.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “КОВИД-19”-тэй холбоотойгоор Монгол Улсад одоогоор мөрдөгдөж буй хөл хорионы дэглэм, гадаадад зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг үе шаттай цуцлах, олон улсын хуваарьт нислэг, аялал жуулчлалын салбарыг сэргээх, хил нээх, вакцинжуулалтын гэрчилгээ олгоход Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудыг танилцууллаа. Улмаар вакцинжуулалтын гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрч иргэд зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг хүсэв.

Холбоотой мэдээ