Нүүрсний ордуудын үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-20 16:33:22

Дундговь аймгийн Адаацаг, Дэрэн, Дэлгэрцогт, Луус, Сайхан-Овоо, Цагаандэлгэр суманд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нэмж олгох, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг аль болох хязгаарлаж, Сайнцагаан сумын Тэвшийн говь, Баянжаргалан сумын Хөөт, Гурвансайхан сумын Лог үнстийн нүүрсний ордуудын олборлолтыг нэмэгдүүлж, гадаад дотоодын зах зээлд гаргах, нүүрснээс шингэн түлш  гаргах санал санаачлагыг бүх талаар дэмжин ажиллах нь зүйтэй гэж аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид үзсэн байна.

Дундговь аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид ашигт малтмалын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан бөгөөд аймгийн эдийн засгийн хөгжил, хүн ардын амьжиргааны үндэс болсон мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангахад бэлчээр нутаг гол хүчин зүйл болох тул бэлчээрийг хамгаалж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, ашигт малтмалын олборлолтыг оновчтой, үр ашигтай байлгах зорилгоор ашигт малтмалын ашиглалт, хайгуулын талаар аймгаас баримтлах бодлогыг энэхүү тогтоолд тусгажээ.

Дээрхи заалтаас гадна ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлээгүй, байгаль орчинд хохирол учруулан хууль тогтоомж зөрчсөн аливаа үйлдлийг таслан зогсоож, зөвшөөрлийг цуцлуулах хүртэл арга хэмжээ авах, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг олон нийтэд сурталчилж, хуульд заасан мэргэжлийн болон нутгийн захиргааны байгууллагаас авах санал дүгнэртэд үндэслэн тусгай зөвшөөрлийг олгож, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан үүргээ биелүүлж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж байхыг тусгасан байна.

Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Чойрын чиглэлд бүтээгдэхүүн тээвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд сайжруулсан болон хатуу хучилттай замаар тээвэрлэлт хийхийг хатуу шаардаж ажиллах нь зүйтэй гэжээ.

Түүнчлэн бичил уурхай үйл ажиллагааг зохицуулах журам зааврыг боловсронгуй болгож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, олборлолтоос олсон орлогыг аль болох тухайн сумын нийт иргэд жигд хүртэж байх тогтолцоог бүрдүүлж ажиллах хэрэгтэй гэсэн байна.

Энэ мэт арав шахам заалтыг тусгасан уг тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нарт,  хэрэгжилтэд нь хяналт тавихыг Мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ