Тариалан эрхлэгчдэд 100 тэрбумын хөнгөлөлттэй зээлийг олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-03 18:52:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын тариалалт эхэлж буй үед тариаланчдыг дэмжих 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл болон үрийн буудайг хэрхэн олгож буй талаар салбарын яамнаас мэдээллээ. 


ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлж буйгаар, "Хүнсний ногоо" үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвөөс 2.4 тэрбум төгрөгийн төмс, хүнсний ногооны үрийн нөөцийг бүрдүүлж, хөнгөлөлттэй нөхцөлөөр өрхийн тариалан хөдөлгөөнийг өрнүүлжээ. Мөн тариалах талбай болон хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах хүрээнд 10 төрлийн, ил талбайн болон хүлэмжийн 147.5 тонн ногооны үр, 50 тонн төмсний элит үрийг хаврын тариалалтаас өмнө нийлүүлэхээр ажиллаж байна.


Дээрх хөнгөлөлт, дэмжлэгт урьдчилсан байдлаар 10.5 мянган өрхийг хамруулах аж. Энд хамрагдах иргэд, ААН-үүд аймаг, орон нутгийн Хүнс, ХАА-н газраар дамжуулан ХАА-г дэмжих сангаас хүлэмжийн болон хүнсний ногооны ил талбайн үрийг авч тариалах боломжтойг мэдэгдэж байна. 


Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эдийн засгийг тогтворжуулах 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-ний хүрээнд, Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр 100 тэрбум төгрөгийн, 3-5 хувийн хүүтэй (хөнгөлөлттэй) зээл олгохоор шийдвэрлээд байгаа юм.

Мөн Польш улсаас 10.2 сая еврогийн санхүүжилтээр хүнсний ногооны агуулах болон хүнсний ногооны үрлэгч, хураагч комбайн зэрэг хүнсний ногооны иж бүрдэл техник, тоног төхөөрөмж оруулж ирэхээр, мөн Беларусь улсаас 4.5 сая еврогийн трактор болон хүнсний ногооны иж бүрдэл техник оруулж ирэхээр бэлтгэлийг хангаад буй тухай мэдээлж байна. 



Манай улсад Польш улсын Засгийн газрын 10.2 сая еврогийн санхүүжилтээр "Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 8.5 мянган тонны багтаамжтай, төмс, хүнсний ногооны агуулахыг Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Ховд, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай гэсэн 7 аймагт тус бүр 1 мянган тонны багтаамжтайгаар байгуулах ажлыг эхлүүлжээ. Мөн 3.2 сая еврогийн хүнсний ногооны үрлэгч, хураагч, хөрс боловсруулагч зэрэг техник, ургамал хамгааллын бодис, цацагч, нийтдээ 600 гаруй төрлийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр тендерийн бичиг баримтыг боловсруулаад байна гэв. 

Газар тариалан эрхлэгч ААН-үүдэд ХАА-г дэмжих сангаар дамжуулан олгодог түлш, үрийн буудай, элит үр болон ургамал хамгааллын бодис, бордоо, техникийн дэмжлэгийг үзүүлсэн хэвээр байгааг мэдээлж байна. 



Холбоотой мэдээ