Монгол, Хонконг чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-05-03 18:52:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Хонконгт суугаа Ерөнхий консул Г. Жаргалсайхан Хонконгийн Худалдаа аж үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Брайн Ло, Олон талт худалдаа хариуцсан ерөнхий захирлын орлогч Франсис Хо нартай өнгөрсөн сарын 29-нд уулзжээ.


Уулзалтаар хоёр талын худалдааны эргэлтийг нэмэх, ингэхдээ Монгол Улсын хөдөө аж ахуйн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг Хонконгийн зах зээлд өргөнөөр нэвтрүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн түүнчлэн Хонконгийн санхүү, хуулийн чиглэлийн үйлчилгээг Монголын ААН-үүдэд сурталчлан таниулах талаар санал солилцлоо. Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр, хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээр байгуулах боломжийг судлахаар санал нэгдэв. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.


Хонконгийн Худалдаа аж үйлдвэрийн газар нь улс орнуудтай гадаад худалдааны хамтын ажиллагааг нэмэх, худалдааны олон талт гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах, мөн жижиг дунд үйлдвэр, ААН-үүдэд шинэ зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй Засгийн газрын төв байгууллага юм.

Холбоотой мэдээ