Кристиан Эша: Бид байгалийн нөөцийг бага зарцуулж, амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2021-04-28 19:01:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Холбооны Соёлын институтийн нэгдлээс санхүүжүүлж буй “Ногоонбаатар” эко урлагийн олон улсын наадмыг монгол, франц, герман, чех уран бүтээлчид хамтран энэ оны 3 дугаар сараас эхлүүлээд байгаа билээ. Тус наадамд оролцож буй Германы ногоон хөдөлгөөний санаачлагч Кристиан Эшатай урлаг судлаач, уран бүтээлч М.Батзориг ярилцсаныг толилуулж байна.


Кристиан Эша байгаль орчны боловсролын асуудлаар олон нийттэй харилцах, хэлэлцүүлэг өрнүүлэх чиглэлээр мэргэшсэн. Тэрээр Мюнхенд төвтэй, байгаль орчны боловсролын уламжлалт бус арга зүйг боловсруулдаг "Rehab Republic" буюу "Сэргээн Засах Бүгд Найрамдах Улс" ТББ, экологи, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдэд маркетинг, харилцаа холбоогоо сайжруулахад нь тусалдаг "Сихтбармахер" бүтээлч агентлагийг үүсгэн байгуулагчдын нэг юм. Тэрбээр биологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд бие даан ажиллаж эхлэхээсээ өмнө шинжлэх ухааны сэтгүүлчээр ажиллаж, Франц-Германы Arte телевизийн сувагт шинжлэх ухааны сэтгүүл эрхлэн гаргадаг байжээ.


Ногоонбаатар эко урлагийн наадамд оролцох урилга хүлээн авахад ямар сэтгэгдэл төрөв. Яагаад оролцохоор шийдэв?

 

-Гёте институтийн Михаэл Хайнст наадмыг зохион байгуулагчдын өмнөөс надад хандаж, урлагаар дамжуулан Улаанбаатарын агаарын бохирдлын асуудлыг шийдэх төсөлд оролцох уу гэж асуухад нь шуудхан л зөвшөөрсөн. Монголын тухай ихийг дуулсан миний хувьд Монгол орныг, ард иргэдийг нь таньж мэдэх боломж гарсанд баярласан л даа. Ийм төсөлд дэм болох нь нэр төрийн хэрэг юм.

 

-Таны бодлоор байгаль орчны боловсрол дэлхийн хэмжээнд хэр хүртээмжтэй байна вэ?

 

-Энэ дэлхийн хүн бүр өөрийн улс орны суурь боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны боловсрол олж авах эрхтэй байх учиртай гэж би боддог. Хүмүүн бидний оршихуйг тэтгэгч хөрс ургамал, байгалийн тогтоц, тогтолцооноос илүү амин чухал зүйл үгүй. Германд гэхэд, суурь боловсролын систем нь математик, шинжлэх ухаанд төвлөрдөг учир байгаль орчны боловсрол гагц ТББ, хувь хүмүүсийн санаачилгад л тулгуурладаг байх жишээтэй. Байгалийн шинжлэх ухаан байгаль орчны боловсролын нэг хэсэг мөн л дөө, гэвч шинжлэх ухаан гэхээр бүх л юмс үзэгдлийг онолын түвшинд, хязгаарлагдмал авч үзэх гээд байдаг тал бий. Бидний өдөр тутмын амьдрал, байгаль дэлхийн холбоог харж, амталж, үнэрлэж, мэдэрч, амьдралын хэв маяг хэчнээн чухал болохыг ухаарч, шингээж авах хэрэгтэй байна.

 

-Энэ чиглэлийн боловсролыг бүх нийтэд хүртээмжтэй байлгахыг уриалж дэмжих нь хэр чухал вэ?

 

-Дэлхий дулаарч, биологийн олон янз байдал устаж үгүй болж буй нь ойрын жилүүдэд хүн төрөлхтний шийдэх хамгийн чухал асуудлууд болоод байна. Тэр дундаа шавжны олон төрөл зүйл устаж байгааг нэн түрүүнд зогсоох хэрэгтэй. Харамсалтай нь, технологи бидэнд тус болно уу л гэхээс аврал болохгүй. Бид байгалийн нөөц, эрчмийг бага зарцуулж, амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой. Нийгэм даяараа өөрчлөгдөх хэрэгтэй гэсэн үг. Хангалттай олуулаа шаардаж гэмээ нь бидэнд хэрэгцээтэй томоохон өөрчлөлтийг улс төрийн тавцанд хэрэгжүүлнэ. Үнэндээ бүхий л томоохон өөрчлөлтүүд үүнээс эхэлдэг гэж би боддог. Харин ингэж нийгмийн хэв соёлыг өөрчлөх түлхүүр нь боловсрол, харилцан ойлголцол юм.

 

-Байгаль орчны боловсролын ач холбогдлыг таниулах хамгийн оновчтой арга гэвэл?

 

-Байгаль орчны боловсрол гэхээр мэдээлэл хүргэх, хүмүүст “юу хийх ёстой”-г сургахад хэт анхаарах нь бий. Энэ арга барилын гол дутагдал нь юу гээч? Мэдлэг, мэдээлэл гэдэг бидний зан үйлийг удирддаг гол хүчин зүйл биш гэдэгт байгаа юм. Бидний зан үйл сэтгэл хөдлөл, хандлага, дадал зуршил, нийгмийн хэм хэмжээ, итгэл үнэмшил гээд олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Ихэнх тохиолдолд бид байгаль орчинд хөнөөлтэй зүйлс хийж буйгаа ухамсарласан ч хийсээр л байдаг. Ахархан зуурын хүсэлдээ автаад хэтэд ирэх хөнөөл, үр дагаврыг үл тоодог гэх үү дээ. Тэгэхээр, байгаль орчны боловсролын гол зорилго нь баримт мэдээлэл хүргэх гэхээс илүү, хүмүүсийн сэтгэл хөдлөл, хандлага, нийгмийн хэм хэмжээг өөрчлөхөд төвлөрч, илүү зохистой дадал зуршлыг санал болгох юм.  

 

-Энэ чиглэлээр хамгийн амжилттай, тогтвортой явагдаж байгаа олон улсын төслийг нэрлээч? 

 

-Балканы орнууд (Босни, Албани, Македони)-д хэрэгжүүлж буй “Save The Blue Heart of Europe” гэж төсөл бий. Усан цахилгаан станцын аварга далангуудаас гол мөрнөө хамгаалах гэсэн нутгийн иргэдийн санаачилга л даа. Байгаль орчны асуудлыг технологийн тусламжтай зохицуулах тухай, эргэлзээ төрүүлэм олон шийдлийн нэг нь усан цахилгаан станц юм. Хүлэмжийн хий ялгаруулахгүй учир байгаль орчинд ээлтэй нь үнэн. Гэвч нөгөөтээгүүр, тэр далангууд гол мөрөн, хүрээлэн буй экосистемийг бусниулж, цаашлаад ой мод, амьтдын орчныг тэнцвэргүйжүүлэх юм. Усан цахилгаан станц гэдэг хэтдээ ашигтай шийдэл биш учраас өргөн хүрээнд эрчим хүчний хэрэгцээг нөхөхөд ашиглаж яавч болохгүй. Дээр дурдсан төсөлд тэрхүү гол мөрнүүд дамжин урсдаг орнуудын, үе үеийн төлөөлөл оролцдог. Усан станцын хүчээр эрчимжих эдийн засгийн хөгжил байгаль орчныг нь бусниулна гэдгийг ухаарсан хэрэг.

 

-Байгаль орчны боловсролыг үлгэр жишээ хэрэгжүүлж байгаа улс орнуудаар та аль улсыг нэрлэх вэ. Яагаад?

 

-Дэлхийн улс орнуудын орчин нөхцөл ялгаатай учраас харьцуулаад дэмий болов уу. Энд Европт гэвэл, Швед, Норвеги, Финланд гэсэн Скандинавын орнуудад байгаль орчны боловсрол сайн олгож байгаа. Ерөөс боловсролын систем сайтай улсууд шүү дээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Friday’s for Future” хөдөлгөөн Шведээс эхэлсэн нь учиртай.

 

-Байгаль орчны боловсрол эдийн засгийн хөгжилтэй холбоотой юу. Энэ талаар юу гэж бодож байна?

 

-Хөгжингүй улс орнууд байгаль орчны боловсролоор илүүрхдэг нь тэдэнд энэ чиглэлээр зарцуулах хөрөнгө бололцоо илүү байдагтай шууд холбоотой. Тийм ч гэлээ, хөгжиж буй орнуудын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихэссээр байгааг анхаарах ёстой. Эдийн засгийн хөгжлийн өнөөгийн жишгийг харахад, эдийн засаг тэлэх тусам байгаль орчинд тусах нөлөө нь ихэсдэг. Ингэхээр хэрэглээ ихэснэ, дагаад хуванцар хаягдал, хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэнэ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрчимжинэ, биологийн олон янз байдал улам хурдтай устана. Иймд бид бүгдээрээ сайхан амьдрал, хөрөнгө баялаг гэж юуг хэлэх вэ гэдгийг өөр өнцгөөс харах хэрэгтэй байна. Бусдаасаа их эрчим хүч, байгалийн нөөц ашигладгийн хувьд дэлхийн хамгийн хөгжингүй улс орнуудын иргэд түрүүлж амьдралын хэв маягаа өөрчлөх нь зүй. Харин хөгжиж буй орнууд тэднээс өөр, илүү сайхан амьдралыг цогцлоох замаар замнах ёстой. Хөгжлөөр дутуу яваа улсуудад өөрөөр хөгж гэж хэлэх нь зохисгүй байх л даа. Гэхдээ одоогийн энэ загварыг дагавал занганд орно.

 

-Байгаль орчин хамгааллын чиглэлийн үйл ажиллагаа ирээдүйд ямархуу байх бол?

 

-Хүрээлэн буй орчиндоо бид ямар үүрэг оролцоотой байх талаар тасралтгүй шийдэл эрэлхийлсээр байх хэрэгтэй. Харах өнцгөө тэлж, хөрөнгө баялаг, хөгжлийн талаарх ойлголтоо шинэчилж гэмээнэ бид бүгдийн оршин тогтнох суурь үндсэнд занал болохооргүй амьдралын хэв маягийг олж чадна.

 

-Цар тахал таны ажил, амьдралд хэрхэн нөлөөлөв?

 

Өнгөрсөн жилээс эхлээд гэрээсээ ажиллах боллоо. Олон нийтийн үйл ажиллагаа зохиох боломжгүй байгаа болохоор боловсролын холбогдолтой бүхий л ажлыг явуулахад асар хүнд байна. Боловсролын үйл ажиллагаанд биечлэн оролцох нь үр дүнтэй. 

 

-Цар тахлаас шалтгаалаад олон улсын уран бүтээлчид Ногоонбаатар эко урлагийн наадамд оролцох боломжгүй боллоо. Урлагийн наадамд ийм байдлаар оролцох нь танд ямар санагдаж байна вэ. Давуу болон сул тал?


-Шинэ хүмүүс, соёлтой биечлэн танилцах боломжийг үнэхээр үгүйлэн санаж байна. Хүмүүсийг дэлгэцээр харна гэдэг биечлэн уулзахаас тэс өөр, урлагийн бүтээлийг үзэж таашаах тухайд ч мөн адил. Гэхдээ шинэ коронавирусний “учрыг олох” хүртэл ингэж явахаас өөр аргагүй. Харин агаарын тээвэр багассан нь давуу тал юм. Агаарын тээвэр бол дэлхийн дулаарлын нэг шалтгаан шүү дээ. Ирээдүйд, энэ вирустэй илүү үр дүнтэй тэмцэж, хяналтдаа авсан хойноо дэлхий дахин цар тахлын үеэр сурсан дижитал хэрэглээний мэдлэгээ үргэжлжлүүлэн ашиглаж, бага аялаасай. Аялах шаардлагатай бол ширэнгэн ойг хамгаалах, мод тарих ажил эрхэлдэг байгууллагуудад хандив өгөх зэргээр хүлэмжийн хийн ялгаралд оруулж буй өөрийн хувийг “цайруулж” болох юм.

Тодруулга: “Ногоонбаатар” эко урлагийн олон улсын наадмыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте-Институт, Монголын Урлагийн Зөвлөл, Дүрслэх урлагийн академи хамтран зохион байгуулж, 976 Арт галерейгаас санаачилсан "Улаан булан" төслийн баг куратороор нь ажиллаж байна.

 

                                                                                                        Англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлсэн П.Номинбилэг




 

Холбоотой мэдээ