Нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-04-27 11:11:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” /MCCR/  төслийн хүрээнд Эрүүл мэндийн яаманд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг гардуулав.


Эдгээр тоног төхөөрөмж нь Монгол Улсад цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, цаашид эрүүл мэндийн тогтолцоог үндэсний хэмжээнд бэхжүүлэхэд дэмжлэг болох юм. 


Үйл ажиллагааг ЭМЯ-нд зохион байгуулж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Европын холбооны Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн Марко Ферри, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцлоо.



Монгол Улсад 2021 оны 3 дугаар сараас хойш “Ковид-19” халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдсэн. Тохиолдлын тоо ихсэх, өвчин хүндрэх, нас баралтын тоо нэмэгдэж байгаагаас эрүүл мэндийн тогтолцоо ачааллаа дийлэхгүй болох эрсдэл нүүрлэж байна. Хүн амын дундах өвчлөлийн тархалтыг бууруулах, хумих үүднээс Эрүүл мэндийн яам хариу арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг хянан шинэчилж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрыг бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулсан.


Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 9 дүүргийн Эрүүл мэндийн төвүүд эрт илрүүлэг, хавьтлыг илрүүлэх, тусгаарлалт, оношилгоо, эрсдэл өндөртэй бүлгийн судалгаа хяналт, дархлаажуулалт зэрэг хариу арга хэмжээг хариуцан ажиллана. Иймд MCCR төслийн нэгдүгээр зорилго нь  эрт илрүүлэг, хавьтлын судалгаа, мэдээллийн менежмент, зорилтот хариу арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байгаа аж.



Хавьтлыг илрүүлэх ажиллагааг өргөн хүрээнд явуулах, тохиолдлын судалгаа, шуурхай хариу арга хэмжээний багийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд шаардлагатай компьютер өгч байгаа. Энэ нь хүн амын дундах халдварын тархалтыг хумих, эрсдэл өндөртэй хүн амыг хамгаалахад Мэдээлэл, төлөвлөгөө хариуцсан багийн үйл ажиллагааг бэхжүүлэх юм. 


Түүнчлэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, чанарыг дээшлүүлэх төслийн хоёр дахь зорилтын хүрээнд нэн шаардлагатай лабораторийн урвалж, оношлуурыг гардуулж байна. Энэ нь оношилгоо, идэвхтэй тандалт судалгааг үргэлжлүүлэхэд дэмжлэг болох зорилготой.


Мөн MCCR төслийн хүрээнд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, холбогдох үйл ажиллагааны хүртээмж, чанарыг сайжруулахаар зорьж байгаа юм. Нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хангах, нэн ялангуяа цар тахлын үед үргэлжлүүлэн үзүүлэх нь хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад чухал үүрэгтэй.


Иймд хот болон орон нутгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэх нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг өгч байна. Үүнд:


Баян-Өлгий, Булган, Дорнод, Дундговь, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг болон өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвд эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж.


Налайх дүүрэг, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн алслагдмал нутагт амьдардаг малчид, хүн амд эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мобайл тоног төхөөрөмжийн багц болон  түргэвчилсэн тест, эмнэлгийн хэрэгсэл.


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сүрьеэгийн эмчилгээ, үйлчилгээг тасалдуулахгүй чиглэлээр орон нутагт зайн сургалт, зөвлөгөө өгөхөд ашиглагдах компьютерийн тоног төхөөрөмж, хэрэгсэл.


Орон нутаг болон дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад зайнаас зөвлөгөө өгөх, оношилгоо хийх, сургалт явуулахад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа. Монгол Улсад олон нийт болон тэргүүн шугаманд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх нэн шаардлагатай байна.



“COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” /MCCR/ төслийн талаар танилцуулахад:


“COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” (MCCR)  төслийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нээсэн. Гурван жилийн хугацаатай хэрэгжих уг төсөлд Европын холбооноос 1 сая еврогийн дэмжлэг, ДЭМБ-аас 62,000 еврогийн дэмжлэг болон мэргэжил аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа.


Төслийг Эрүүл мэндийн яамтай хамтран дараах 3 зорилгын хүрээнд хэрэгжүүлнэ: КОВИД-19-ийн тархалт, үр дагаварт мониторинг хийх, сэргийлэх, хянахад эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх; үндэсний хэмжээнд лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, чанарыг дээшлүүлэх; нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, холбогдох үйл ажиллагааны хүртээмж, чанарыг сайжруулахад чиглэв.

Холбоотой мэдээ