ЕХ “AstraZeneca” компанийг шүүхэд өгчээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-04-27 10:11:06

БРЮССЕЛЬ. /Euronews/. Европын Холбоо /ЕХ/ коронавирусний вакцин үйлдвэрлэгч “AstraZeneca” компанийг хариуцагчаар татан Бельгийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.


AstraZeneca” компани вакцины нийлүүлэлтийн гэрээгээ үл хүндэтгэж, вакциныг цаг тухайд нь нийлүүлэн өгөх "баталгаатай" төлөвлөгөөг боловсруулаагүй тул шүүхэд өгч байна" гэж Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Стефан Де Кеерсмакер мэдэгдсэн байна.


Их Британи-Шведийн “AstraZeneca” компани нь ЕХ-нд энэ оны хоёрдугаар улиралд 180 сая тун вакцин нийлүүлэхээр тохиролцоод байсан боловч нийлүүлэлт маш олон удаа хойшилжээ.


Pfizer, Moderna” компанийн вакцинуудтай харьцуулахад үнийн хувьд хямд бөгөөд дэлхийн 50 гаруй оронд хэрэглэхийг зөвшөөрөөд буй “AstraZeneca”-гийн вакцин нь ЕХ-ны гишүүн орнуудын дархлаажуулалтын хөтөлбөрт голлох үүрэг гүйцэтгэж байгаа юм. 


AstraZeneca” компани нь үйлдвэрлэлтэй холбоотой асуудлуудын улмаас энэ оны эхний улиралд гэрээнд заасан вакцины тунгийнхаа тэн хагас орчмыг ЕХ-нд нийлүүлсэн бөгөөд хоёрдугаар улиралд ч мөн өгсөн үүрэг амлалтдаа хүрэх төлөвгүй байгаагаа хэдийнээ мэдэгджээ. Тус компани ЕХ-г ийм шийдвэр гаргасанд харамсаж буйгаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ