Л.Баттөр: Коронавирусний мутацид орсон хувилбар хүн амын дунд өргөн тархсан гэж хэлж болохгүй

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2021-04-23 18:46:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Англи улсад бүртгэгдсэн коронавирусний мутацид орсон хувилбар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол лабораторийн урьдчилсан шинжилгээгээр бүртгэгджээ.


Үүнийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн “улаан” түвшин тогтоосон хугацааг ирэх сарын 8 хүртэл сунгасан Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.


Харин ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр, “Мутацид орсон хэлбэрийг нарийвчилсан аргаар судалж, батлагдвал албан ёсоор зарлах ёстой. Манай гурван эмч Япон улсад 20 орчим сорьцод энэ судалгааг хийж байгаа бөгөөд одоогоор мутацид орсон хувилбар илрээгүй. Бид цаг хугацаа хэмнэх үүднээс мутацид орсон хувилбарыг илрүүлэх PCR шинжилгээнд суурилсан шинжилгээг хийж үзсэн. Энэ бол нарийвчилсан аргаас илүү биш ч бид халдварын тоо буурахгүй байгаа, нас баралт ихсэж байгаа шалтгааныг тогтоох үүднээс энэ шинжилгээг хийсэн юм. Энэ шинжилгээнд нийт 33 сорьц хамруулахад Турк улсаас ирсэн гурван иргэний сорьцод Англид бүртгэгдсэн хувилбар байна гэсэн дүгнэлт гарсан. Эдгээр хүмүүс Турк улсаас ирээд 10 орчим хонож байгаа бөгөөд ХӨСҮТ-д эмчилж байна. Үүнээс гадна хүн амын дунд хийсэн судалгаанаас хоёр хүнд мөн энэ хувилбар илэрсэн. Үүнээс үзэхэд хүн амын дунд өргөн тархсан байна гэж хэлэх үндэслэлгүй. Энэ бол урьдчилсан таамаглал гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээв.


Хэдийгээр мутацид орсон хувилбар мөн байсан ч түүнээс сэргийлэх халдвар хамгааллын дэглэм, эмчилгээ ижилхэн гэдгийг мөн онцолсон юм. Түүнчлэн мутацид орсон хувилбарт коронавирусний вакцин нөлөөлдөггүй гэдгийг дэлхий нийт эцэслэн батлаагүй гэдгийг дурдлаа.

Холбоотой мэдээ