Ж.Байден, В.Путин нарын уулзалтыг зохион байгуулах боломжтой хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-19 12:05:32

МОСКВА. /Kommersant/. АНУ-ын хориг арга хэмжээний хариуд дипломат ажилтнуудыг нутаг буцаах, америкийн арилжааны бус байгууллагуудын үйл ажиллагааг ОХУ хязгаарласанд Вашингтон сэтгэл хангалуун бус байна. АНУ-д шинээр хязгаарлалт авах эрх бий хэмээн Төрийн Департамент анхааруулав. Гэсэн ч нөхцөл байдал төвөгтэй байгааг үл харгалзан хоёр улсын удирдагчдын өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломж хэвээр байгааг талууд цохон тэмдэглэжээ.

“Орос хор хөнөөлтэй үйлдэл гаргаж буйтай нь холбогдуулан бид ижилхэн, таарсан хариуг нь өгсөн. ОХУ-ын Засгийн газрын саяхан хийсэн мэдэгдэл нь хурцадмал байдлыг даамжруулж, харуусал төрүүлж байна. Нөхцөл байдлыг даамжруулах тойрог дотроо эргэлдэх нь бидний ашиг сонирхолд нийцэхгүй хэдий ч бид Оросын авсан арга хэмжээнд хариу өгөх эрхтэй” хэмээн АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Нед Прайс мэдэгджээ.  

Сануулан дурдахад, хувь хүн болон хуулийн 32 этгээдийн эсрэг хязгаарлалт тогтоож, 10 дипломат ажилтныг нутаг буцааж, цаашид Оросын эсрэг авах хязгаарлалтыг хялбаршуулах, хурдасгах боломжийг олгосон зарлигийг баталсан арга хэмжээг Америк авсны хариуд Москва мөн хориг авах шийдвэр гаргасан юм. Оросын авсан хариу арга хэмжээнд 10 дипломат ажилтныг нутаг буцаах, Төрийн департаментын ажилтнуудын ОХУ-д богино хугацаанд айлчлал хийх явдлыг хязгаарлах, дипломат ажилтнуудыг ОХУ-ын нутаг дэвсгэрээр шилжилт хөдөлгөөн хийхийг нь хязгаарлах, визийн хар жагсаалтад америкийн өндөр албан тушаал эрхэлдэг болон эрхэлдэг байсан 8 хүний нэрийг нэмж оруулах, ОХУ дахь америкийн арилжааны бус байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүд багтжээ. Түүнчлэн ОХУ дахь АНУ-ын элчин сайдыг зөвлөлдөх уулзалт хийхээр нутаг буцахыг зөвлөжээ.

“Геополитикийн шинэ бодит байдалд дангаар дарангуйлал тогтоох орон зай гэж байхгүй гэдэгт Вашингтон санал нийлэх хүсэлгүй байгаа бололтой. Харин Оросын эрх баригчдыг тогтоон барих зохисгүй хувилбар нь хоёр улсын харилцааг цаашид улам дордуулж болзошгүй юм” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдаад АНУ-ын нөхцөл байдал даамжрахаас зайлсхийх уриалгыг хуурамч гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал хариуцсан зөвлөх асан бөгөөд НҮБ-ын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгч асан Жон Болтоныг хар жагсаалтад шинээр оруулсан нь Оросын авсан хамгийн гэнэтийн хариу үйлдлүүдийн нэг байв. “ОХУ-д нэвтрэхийг хориглосон хүмүүсийн жагсаалтад миний нэр багтжээ. Бидний амьдралын хэв маягийг алдагдуулахыг оролдсоныхоо төлөө Орос хамгийн хатуу зэмлэл хүртэх ёстой. Ард түмэн Америкийн ашиг сонирхлын төлөө намайг дуу хоолойгоо хүргэдэг гэж үзэж буй нь бахархал төрүүлж байна” гэж Ж.Болтон “Twitter” хуудсандаа тэмдэглэсэн байна. 

Оросын хариу хориг авсан талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Женнифер Псаки мөн тайлбар өгөхийн сацуу хоёр улсын удирдагчдын уулзалтын талаар ярьжээ. “Ерөнхийлөгч Ж.Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахыг санал болгосон билээ. Түүнчлэн “SolarWinds” компанийн программыг хакердсан болон бусад асуудал үр дагавар авчирна гэдгийг ерөнхийлөгч тодорхой мэдэгдсэн. Бид санал нийлэхгүй байгаа зүйлээ хүлээн зөвшөөрч чадахгүй. Гэсэн ч зарим асуудлаар хамтарч ажиллах боломжтой гэж бид үзэж байгаа” хэмээн тэрбээр хэлжээ.

“Оросын эрх баригчид дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаас татгалзсанаар АНУ-ын ерөнхийлөгч хүнд байдалд орохгүй. Ийм дээд хэмжээний уулзалт зохион байгуулах нь Оросод ч мөн хэрэгтэй” гэсэн ойлголтыг Ж.Псаки өгсөн байна.

“Одоогоор Орос улс олон хэмжүүрээр олон улсын нийгэмлэгийн гадна байна. Наймын бүлэг бус долоогийн бүлэг гэж бий. Үйлдэл үр дагавартай байдаг гэдгийг тодорхой ойлгуулахын тулд хориг арга хэмжээ авсан. Европчууд ч мөн хориг авсан. Ерөнхийлөгч замаасаа буцахыг санал болгосон бөгөөд саналыг нь хүлээн авах нь Оросын ашиг сонирхолд нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж Ж.Псаки мөн ярьжээ.

Үүнээс гадна ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “АНУ-ын авсан эрх баригчид, иргэд, хувь хүн болон хуулийн этгээд, санхүүгийн тогтолцоонд чиглэсэн найрсаг бус арга хэмжээний” талаар тайлбар хийхийн сацуу хоёр улсын удирдагчид дээд хэмжээний уулзалт зохион байгуулах боломжтой хэвээр байгааг мэдэгджээ. “Ж.Байдены саналд нааштай хандлагатай байгааг цохон тэмдэглэсэн. Одоо бид уг санаачилгыг олон талаас нь судалж байна” гэж тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ