Малчны хотонд Шүүхийн үйлчилгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-16 21:12:59

Завхан аймгийн Тосонцэнгэлийн Шүүх малчны хотонд очлоо.

Арын албандаа түүртэн шүүхэд очиж амждаггүй малчдын магнайг тэнийлгэсэн үйлчилгээг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх хийжээ.

Алслагдмал нутгийн малчны хотхонд шүүх хуралдаан болж, хар нөмрөгтэй шүүгчид өөрсдийн биеэр шүүхээ тайлбарлан таниулж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн байна. Тосонцэнгэл сумын Шүүх өөрсдийн үйл ажиллагааг тойргийн таван суманд ийнхүү сурталчилж төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлжээ. Энэ үеэр шүүхийн шинэтгэлийг хүсэн хүлээж, анир сонор тавьсан иргэдийн дуу хоолойгоор дүүрэн байв. Шүүхийн нээлттэй, хүртээмжит үйлчилгээний шинэ стандарт ийнхүү малчдад чиглэсэн нь нүдээ олсон ажил болжээ. Энэ өдрийн турш шүүх, шүүхийн шинэтгэлээр "амьсгалсан” малчдын сэтгэгдлийг хүргэж байна.

Баянтэс сумын Зайгал багийн малчин Ө.Цэнджав

МАЛЧНЫ ХОТОНД ГЭХЭД ИТГЭМЭЭРГҮЙ

Би шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байсан юм. Өнөөдөр шүүхийнхнийг ирэхэд гэрчүүдээ асуулгаж, нотлох баримтуудаа гарган өгч шүүх хуралдаанаа товлууллаа. Малчны хотонд гэхэд нэг талаар итгэмээргүй юм шиг. Шүүх өөрчлөгдөж байгааг нүдээр ингэж үзэх сайхан байна. Шүүхийнхэн өмнө нь сумын төв дээр ирж ажиллаад буцдаг байсан. Бид шүүхийнхэн ирэх сургаар сумын төв явах хүсэлтэй байдаг боловч ар гэрийн байдлаасаа болоод очиж чаддаггүй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах, иргэний эрх үүрэг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай гэртээ хариад уншиж судлах танилцуулга авлаа. Баяртай байна.

Тэс сумын Дооно багийн малчин Ц.Үржинсайхан

ТӨВӨГШӨӨХГҮЙ ХАРЬЦСАН НЬ ДУЛААН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛСЭН

Шүүхийг хүнийг шийтгэдэг байгууллага гэж бодож байсан чинь үнэн зөвийг олж өгдөг, шударгаар ажилладаг сайхан байгууллага юм байна. Би ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг маань түргэн шуурхай шийдвэрлэж өгсөнд туйлын баярлаж байна. Хөдөөний бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл их байдаг. Түүнийгээ асуухад төвөгшөөлгүй тайлбарлаж өгч байсан нь үнэхээр сайхан байсан. Энэ харьцаа надад эелдэг, дулаан сэтгэгдэл төрүүллээ. Шүүх өөрчлөгдөж, шинэ соргог ажлууд их хийж байгаагийн нотолгоо энэ гэж бодож байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар өмнө нь сонсож байсан ч мөнгө хэмнэсэн шуурхай ажиллагаа юм байна гэдгийг илүү ойлгож авлаа. 

Баянтэс сумын Хачиг багийн малчин Д.Пүрэвсүрэн: 

МАЛЧНЫ ХОТОНД ШҮҮХ ХУРАЛДААН БОЛЛОО

Шүүх хуралдаан болж, шүүхийнхнээс бид сонирхсон асуултандаа хариулт авч байна. Энэ нь малчин бидэнд олдохгүй завшаан. Яагаад гэвэл алслагдмал газрын малчин бидэнд шүүх хуулиа тэр бүр хүссэнээрээ мэдэх боломж байхгүй. Урьд өмнө малчны хотонд ийм үйл явдал болж байгаагүй. Энэ бүхнийг санаачлан зохион байгуулсан шүүхийн хамт олонд баярлаж байгаагаа хэлмээр байна. Миний тухайд шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргах гээд эв нь олдохгүй, учраа мэдэхгүй байсан учир нэхэмжлэлээ бичиж өгч, гэрчүүдээ асуулгалаа. Сайн гэгээлэг, болж бүтэж байгаагийн эхлэл шүүхээс мэдрэгдлээ. 

Завхан Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ