Геополитикийн замын уулзвар дээрх Монгол Улс

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-15 15:48:39

МОСКВА. /infoshos.ru/. Ердөө 3.3 сая хүн амтай эртний Монгол АНУ, Хятад, Орос гэсэн гурван том гүрний Евразид нөлөөллөө тогтоохын төлөөх тэмцэлд геополитикийн үүрэг гүйцэтгэгч болж магадгүй байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад (ШХАБ) элсэх тухай Москва, Бээжингийн саналыг нухацтай бодож байгаа юм. Эргэн сануулахад, өнгөрсөн оны долоодугаар сард ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Моргулов хэрэв Монгол Улс ШХАБ-д элсэх хүсэлтээ гаргавал Москва дэмжихэд бэлэн байна гэж мэдэгдсэн боловч ОХУ "Монгол нөхдийнхөө сонголтод нөлөөлөх" эрмэлзэлгүй гэдгийг яаравчлан онцолсон юм.


Өмнө нь Монгол Улс Евразийн улс төр, эдийн засгийн эвсэлд нэгдэх сонирхлоо илэрхийлж байсан гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Гэхдээ тус улс Хятад, Оростой хийж буй АНУ-ын харилцаа хурцадаж байгаа үед төвийг сахих ёстой гэсэн байр суурийг баримталж байна. Хятад болон ЗХУ, АНУ болон ЗХУ-ын сөргөлдөөнд оролцож байсан өмнөх гашуун туршлагуудаа санан монголчууд хүйтэн дайн хэлбэрийн геополитикийн зөрчилдөөнд татагдан орохыг хүсэхгүй гэж зарим шинжээчид үздэг.


Өнгөц харахад Монгол Улс ШХАБ-ын ажиглагчийн статустай болсноос хойш 17 жилийн дараа энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн болох ОХУ, БНХАУ-ын саналыг шүүрэн аваагүй нь гайхмаар санагдаж магадгүй юм. Гэхдээ Улаанбаатар “гуравдагч хөршийн” бодлогыг урьдын адил баримтлахыг хичээж байгаа гэдгээр үүнийг хялбархан тайлбарлаж болно. Энэ бодлого нь Дорнын төдийгүй Барууны орнуудтай "алинтай ч дотносохгүй, гэхдээ бүгдтэй нөхөрлөнө" гэсэн мөн чанартай. Монгол Улсын гуравдагч хөршөө гэж үздэг орнууд бол АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, БНСУ юм. ШХАБ-д элсэх нь эдгээр улстай хийж буй харилцаанд сэв суулгаж болзошгүй гэж Улаанбаатар болгоомжилдог.


Үүний зэрэгцээ тус улс ОХУ, БНХАУ-ын ШХАБ-д элсэх саналыг тэр даруй няцаахгүй байгаа бөгөөд энэ алхмын бүх давуу ба сул талыг нухацтай бодож байна. Зарим шинжээчийн үзэж байгаагаар, ШХАБ-д элсэн орсноор Монгол Улсын ойрын 50 жил, цаашлаад 100 жилийн хөгжлийн замыг тодорхойлж болно. Энэ шалтгаанаар Монголын зарим ажиглагчид энэ асуудлыг улстөрчдийн хаалттай хуралдаанаар бус бүх нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэж үздэг. Монголын дотоод улс төрийн хүрээлэл дунд ШХАБ дахь тус улсын оролцоог ажиглагчийн статусаар хязгаарлахыг дэмжигчид болон тус байгууллагад гишүүнээр элсэхийг дэмжигчид одоогоор нэгдсэн шийдэлд хүрээгүй байгааг онцлох нь зүйтэй. Үүнээс харахад Улаанбаатар ШХАБ-тай хамтран ажиллах зарчмаа бус хэлбэрээ өөрчлөх дүр зураг харагдаж байна. Монгол Улс зарим интеграцын чиглэлд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх боловч “гуравдагч хөршийн” бодлогоо өөрчлөхгүй.


Монгол Улс ШХАБ-д элсэхийн эерэг болон сөрөг талуудыг үнэлж, цэгнэн харж байгаа нь ойлгомжтой. Энэхүү байгууллагын гишүүн болж, үйл ажиллагаанд нь оролцвол Орос болон Хятад Монголд илүү найрсаг хандаж, тус улс ШХАБ-ын томоохон төслүүдэд идэвхтэй оролцох боломжтой болно. Монгол Улс ШХАБ-ын эдийн засгийн үр өгөөжийг нэн тэргүүнд харж, үнэлж байгаа гэдгийг харгалзвал энэ нь тус улсыг байгууллагад элсэхэд маш чухал хүчин зүйл болно. 


Гэхдээ сөрөг талууд ч бас бий. Жишээлбэл, ШХАБ-д элссэний дараа Монгол Улсын бие даасан гадаад бодлого явуулах боломж хумигдана. Учир нь Монгол Улс үйл ажиллагаагаа ШХАБ-ын ерөнхий бодлогод их, бага хэмжээгээр уялдуулах шаардлагатай болох юм. Түүнчлэн ШХАБ-д элсэн орсноор Евразийн интеграцид оролцох оролцоог “гуравдагч хөршийн” хувиар ЕХ болон АНУ-тай хийж буй харилцаатай тэнцвэртэй байлгах шаардлагатай болно. Ийм ирээдүйг Улаанбаатар төдийлөн хүсэхгүй болов уу.


Монгол Улсыг ШХАБ-д ойртохоос хорьж болиулж буй өөр нэг хүчин зүйл бол энэ байгууллага Төв Азитай (тус байгууллагын гишүүн улсууд болох Киргиз, Казахстан, Тажикистан, Узбекистан) нягт холбоотой байдал юм. Москва болон Бээжин Дундад Азийн орнуудыг интеграцын санаачилгуудад ихээхэн оролцоотой байлгах сонирхолтой байдаг бол Монгол Улс энэ бүс нутгийн улс төр, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд татагдан оролцохоос болгоомжилж, Төв Азийн сэдэв рүү гүн гүнзгий орохоос хол байхыг эрмэлздэг. Харин ШХАБ-д элсэн орвол Монгол энэ асуудлуудад оролцохоос аргагүй болох юм.


Эдгээр шалтгааны улмаас Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт нь одоогоор ШХАБ-д элсвэл гарцаагүй хүргэх Орос, Хятадаас хараат байдлаас зайлсхийхийн тулд тус хоёр улстай тэнцвэртэй харилцаа тогтоох явдал болж буй юм. Газарзүйн байрлалынхаа ачаар Москва, Бээжингийн хоорондын "гүүр" болох нэг төрлийн геополитикийн үйл ажиллагаандаа төвийг сахисан Монгол Улс нэлээд сэтгэл хангалуун байдаг. Үүний зэрэгцээ тус улс нь Зүүн хойд Азийн хамгийн хүчирхэг хоёр улсын нөлөөг тэнцвэржүүлэгч завсрын бүс юм. Энэ байр суурь нь Монгол Улсыг бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай элемент болгон хувиргадаг гэж тус улсын зарим шинжээчид үздэг.


Хөгжлийн өнөөгийн үе шатанд бүх шинж тэмдгээрээ Монгол Улс ШХАБ-д элсэх хамгийн боломжит орон бөгөөд энэ байгууллагын "хамгийн бага асуудалтай" байнгын ажиглагч улс гэж зоригтойгоор хэлж болно. ШХАБ-ын удирдагчид болох Орос, Хятадын хооронд орших тус улсын байршил нь энэ байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцох боломжтойг харуулж буй юм. Гэвч байнгын ажиглагчийн статустай болсноос хойш олон жилийн дараа ч Монгол Улс энэ байгууллагын гишүүн болоогүй бөгөөд статусаа өөрчлөх тод томруун эрмэлзлээ илэрхийлээгүй л байна.


Тиймээс, ойрын үед Монгол Улс ШХАБ-д байнгын гишүүнээр элсэнэ гэж хүлээх хэрэггүй л болов уу. Гэхдээ Зөвлөлтийн дараах үеийн Төв Азид бүс нутгийн аюул, сорил (терроризм, экстремизм, хар тамхины наймаа гэх мэт) нэмэгдэхийн хэрээр Монгол Улсыг ШХАБ-тай харилцаагаа эрчимжүүлэх чиглэлд бодлогоо дахин эргэн харахаас аргагүй болгож магадгүй юм гэж Оросын олон улсын тоймч Сергей Саенко бичжээ.

Холбоотой мэдээ