Миннесотад цагдаагийн ажилтныг хүний амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгажээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-04-15 13:11:53

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Миннесота муж улсын Бруклин-Сентер хотод өнгөт арьст эрэгтэйн аминд хүрсэн цагаан арьст цагдаагийн ажилтныг хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн хэрэгт буруутган баривчилжээ.


Цагдаагийн ажилтан Ким Поттерын хувьд Даунт Райт руу цахилгаан гүйдлээр цохигч буугаа чиглүүлэх гэж байсан боловч галт зэвсгээ андууран гаргаж, гал нээсэн хэмээн мэдэгдсэн юм.


Харин Д.Райтын гэр бүлийн өмгөөлөгч Бен Крамп уг хэргийг “зориуд, санаатай бөгөөд хууль бусаар хүч хэрэглэсэн үйлдэл” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.


Д.Райт амиа алдсанаас хойш цагдаа нар, жагсагчдын хооронд гурван шөнө дараалан мөргөлдөөн үүсээд байгаа юм. Мөн Бруклин-Сентер хотын Цагдаагийн газрын дарга Тим Гэннон болон К.Поттер нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ.


К.Поттерыг лхагва гарагт баривчилсан бөгөөд цагдаагийн газарт 26 жил ажилласан түүний гэм буруутай болох нь тогтоогдвол дээд тал нь 10 жилийн хорих ял, 20 мянган ам.долларын торгууль ногдуулж магадгүй байна.


Мөн Миннесота муж улсын Миннеаполис хотод өнгөрсөн тавдугаар сард Африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойдын амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй цагаан арьст цагдаагийн ажилтны хэргийг шүүх хурал үргэлжилж байгаа юм.  

Холбоотой мэдээ