ДЭМБ “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-04-15 11:00:57

ЖЕНЕВ. /CNN/. Дэлхийн эмийн хяналтын агентлагууд “Oxford/AstraZeneca”-гийн вакцины гаж нөлөөний талаарх сүүлийн үеийн мэдээлэлд үнэлгээ хийж буйг үл харгалзан улс орнууд уг вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ зөвшөөрсөн вакцинуудын нэгэн адил үргэлжлүүлэн хэрэглэх хэрэгтэй гэж ДЭМБ лхагва гарагт мэдэгдэв.


AstraZeneca”-гийн вакцины нөөцтэй орнууд вакцинаа үргэлжлүүлэн хэрэглэх хэрэгтэй. Дэлхий даяар уг вакциныг 200 сая орчим хүн тариулаад байгаагаас гаж нөлөө илэрсэн тохиолдол тун ховор байна” гэж ДЭМБ-ын Америкийн бүсийн асуудал хариуцсан дарга, доктор Карисса Этьен цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


“Вакцин хийлгэсний дараа цусны бүлэгнэл үүссэн тохиолдлуудын талаарх тайланд эмийн хяналтын агентлагууд дүн шинжилгээ хийж байна. Нэмэлт зөвлөмж тун удахгүй гарах төлөвтэй байна” гэж К.Этьен мэдэгджээ.


Түүний мэдээлснээр, ДЭМБ-аас зөвшөөрөл олгоод буй “COVID-19”-ийн дөрвөн вакцин болох “Pfizer-BioNTech”, Johnson & Johnson” болон Oxford/AstraZeneca”-гийн вакцины хоёр хувилбар нь хэрэглэсэн орнууддаа өвчний хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэхэд хэдийнээ хувь нэмрээ оруулж эхэлсэн байна.


“Эдгээр вакцин нь таны төдийгүй гэр бүл, найз нөхдийн тань амь насыг аварна” гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ. Мөн Америкийн бүс даяар халдвар идэвхтэй тархаж буйг онцлоод, “бүгд аюулгүй болох хүртэл хэн ч аюулгүй биш” гэдгийг сануулжээ. 

Холбоотой мэдээ