“Дархан-Ус суваг”-ийнхан цар тахлыг сөрж, иргэдийнхээ төлөө ажилласаар л...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-04-15 10:20:19

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улаан түвшинд шилжиж хязгаарлалтын горим тогтоосон Дарханыхны хувьд аймаг орон нутгийнхаа онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг даган ажилласаар байна. Хязгаарлалт тогтоосон ч түүнд хамаарахгүй хэдэн байгууллага бий. Түүний нэг нь “Дархан-Ус суваг” ХК юм. Хотынхоо 100 орчим мянган иргэнийг ундны цэвэр усаар тасралтгүй, найдвартай хангах эрхэм үүрэгтэй тус компанийнхан цар тахлыг сөрж иргэдийнхээ төлөө ажилласаар л...

Зөвхөн усны мөнгө авах зориулалттай юм шиг бодох нэгэн ч байдаг гэж төлбөр тооцооны байцаагчид халаглаж явдаг.  Бүтэн нойртой дулаан хөнжилдөө тухтай хонох завгүй өдрүүд ч засварын цехийнхэнд тохиолдоно. 60 жилийн түүхтэй найрамдлын хотын ард түмнийг найдвартай, эрүүл усаар хангахын төлөө үүссэн нөхцөл байдал нь цастай, бороотой, шуургатай хэдийд ч ажиллаж гэмтлээ зассаны дараа нэг инээд алдан гэрийн зүг явцгаадаг өөдрөг сэтгэлтэй хамт олон. Олон зүйл нуршихгүйгээр тэд хязгаарлалтын үед хэрхэн ажиллаж байгаа талаар сонирхлоо.

Тэд цар тахлыг сөрж ажиллахын тулд дархлаагаа дэмжих учиртай. Тиймээс байгууллагын удирдлагын зүгээс аймгийн онцгой комисстой зөвшилцсөний үндсэн дээр өдөр тутам, цагийн хязгааргүй ажилладаг хамт олноо коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулжээ. Тодруулбал "Дархан-Ус суваг" ХК-ийн 197 ажилтан коронавирусний эсрэг вакцинжуулалтын эхний тунг хийлгэсэн байна. Хоёр дахь тунг хийлгэсний дараа дархлаа тогтоно гэдгийг Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын удирдлага вакцинжуулалтын үеэр онцолсныг мэдээлэл хариуцсан ажилтан байгууллагынхаа цахим хуудсанд нийтэлжээ.

Вакцинжуулалтад хамрагдсан хамт олнынхоо дархлааг дэмжих зорилгоор витаминжуулалтын аяныг энэ өдрүүдэд өрнүүлж байна. Байгууллагын удирдлагуудын санаачилгаар өрнөж буй аяны хүрээнд ажилтан нэг бүрт дархлаа сэргээх бэлдмэл салимон, амин дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлэх ундевит витамин өгчээ. Ажилтнууд амин дэмээ өдөр тутмын хоол хүнснээсээ авахаас гадна нэмэлтээр хэрэглэснээр ханиад томуунаас сэргийлж, цар тахлыг эрүүл энх даван туулахад ач холбогдолтой гэж тус компанийн эмч зөвлөмж өгч ажиллаж байна.

Түүнчлэн Дархан-Ус суваг” ХК-ийн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги бүлэг, нийтийн орон сууцны ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байна.

Халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны орц, зоорийн давхруудад ариутгал халдваргүйтгэлийн ажил тогтмол хийж байна. 2021.04.01-ний өдөр тус гамшгаас хамгаалах мэргэжлийн анги бүлэг Дархан сумын 11-р багийн 13 хороолол, 8-р багийн 17-р хороолол болон 5-р багийн Өнгөт хорооллын нийт 47 орон сууцны 123 орц, хонгилд ариутгал, халдваргүйтгэл хийсэн байна. Уг ажил цаашид ч үргэлжлэх аж.

Бас нэг томоохон ажил нь төв шугам хоолойн тосолгоо үйлчилгээний ажил юм.  Дархан хотын иргэдийн цэвэр усны хэрэгцээг хангадаг шугам хоолойд хавар, намрын улиралд тогтмол тосолгоо, үйлчилгээ хийдэг аж. Хаврын тосолгооны ажил эхэлсэн бөгөөд нийт 121 км цэвэр усны төв шугам хоолойд тосолгоо, үйлчилгээ хийх ба 465 худаг, камерийн цэвэрлэгээг хийх ажээ.

Орон сууц хороолол, ААНБ-ууд руу чиглэсэн ажил өрнөж байхад гэр хорооллын иргэдийн ундны усны эх үүсвэрийг ариутгах ажлыг ч давхар хийж байна. Тодруулбал Дархан сумын 1,2,3,5,6,7,8,15, малчин багийн ус түгээх байруудын ус хадгалах саванд угаалга, ариутгал хийж эхэлсэн. Нийт 44 ус түгээх байраар Дархан сумын гэр хорооллын иргэдэд ундны цэвэр усаар ханган үйлчилдэг аж. Тэдгээрийн 18 зөөврийн ус түгээх байрны ус хадгалах саванд угаалга, ариутгалын ажлыг тогтсон төлөвлөгөөний дагуу хийж байна.

Үндсэн ажил, үйлчилгээ тасалдалгүй хэвийн үргэлжлэхийн зэрэгцээ нийгэм рүү чиглэсэн аянд хамт олноороо оролцож байна. Хуванцар бохирдолтой тэмцэх" сарын аяны нэрэмжит өргөмжлөлийг "Дархан-Ус суваг" ХК хүртэв. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийг Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийн хүрээнд энэ жил “Хуванцар бохирдолтой тэмцэх” сэдэвт аяныг “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгуулж, хэвшүүлэх” уриатайгаар аймгийн хэмжээнд нэг сарын хугацаатай зохион байгуулсан. Уг аянд 41 байгууллага оролцсоноос “Дархан-Ус суваг” ХК хоёрдугаар байрт шалгарч, аяны нэрэмжит өргөмжлөлийг энэ сарын 14-ний өдөр хүртлээ. Уг аяны тэргүүн байрт Татварын хэлтэс , гуравдугаар байрт Нэгдсэн эмнэлгийн хамт олон шалгарсан байна.

 

Холбоотой мэдээ