Байгалийн аюулт үзэгдэлд өртөж орон гэргүй болсон 10 өрхөд иж бүрэн гэр олгов

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-04-14 17:51:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Цасан болон шороон шуурганд өртөж орон гэргүй болсон 10 өрхөд Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос иж бүрэн гэр олгов.


Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Улаан Загалмай хороо цасан болон шороон шуурганд өртөж орон гэргүй болсон Баян-Уул, Бигэр, Тонхил, Халиун, Жаргалан, Чандмань, Шарга, Есөнбулаг сумын 10 өрхөд иж бүрэн гэр, гал тогооны багц, дулаан хөнжил, гудас зэрэг хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлсэн юм.

Дээрх 10 өрхийг сонгохдоо аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн хоёр удаагийн цасан болон шороон шуурганы хохирлын мэдээ, холбогдох бичиг баримтыг үндэслэсэн байна. Аймгийн ИТХ-ийн дарга, Улаан Загалмайн хорооны тэргүүн Д.Даваадорж, Засаг даргын орлогч дарга Г.Чинбат нар шуурганд хохирсон өрхийн гишүүдтэй уулзан, иж бүрэн гэр гардуулав.

Гуравдугаар сарын 14-нд болсон хүчтэй шуурганы улмаас Говь-Алтай аймгийн Шарга, Тонхил, Бигэр, Жаргалан, Халиун гэх мэт сумын айл өрхийн хашаа, гэр нурж, байшингийн дээвэр, автомашины шил хагарах хохирол учирсан билээ. Тодруулбал, Шарга суманд гуравдугаар сарын 14-ний өдөр хүчтэй шуурганы онц аюултай үзэгдэл 6 цаг 44 минут, гамшигт үзэгдэл 1 цаг 04 минут үргэлжилж 34 м/сек хүрч шуурчээ. Хүчтэй шуурганы улмаас 99 хашаа нурж, 17 айлын гэр унаж, 3 айл орон гэргүй болж, 17 байшин сууцны дээвэр хууларч, 23 машины цонх шил, 3 байшингийн цонх хагарсан байна.
Холбоотой мэдээ