Японы хамгийн өндөр хүчин чадалтай АЦС-ын үйл ажиллагааг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-14 14:55:10

ТОКИО. /Japan Times/. Хамгийн өндөр хүчин чадалтай "Касивазаки-Карива" атомын цахилгаан станцын үйл ажиллагааг хориглох албан ёсны шийдвэрийг Японы Атомын эрчим хүний хяналтын улсын хороо лхагва гарагт гаргажээ.


Аюулгүй байдлыг хангах чиглэлд тэр дундаа террористуудын дайралтаас хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд ноцтой доголдлууд илэрсэнтэй холбогдуулан станцыг дахин ажиллуулахыг нь хориглосон байна.  


"Касивазаки-Карива" станцыг Японы хамгийн том эрчим хүчний компани болох “Tokyo Electric Power” /TEPCO/ эзэмшдэг аж. Тийнхүү Атомын эрчим хүний хяналтын улсын хорооны шийдвэрээр “TEPCO” компанийг станцын реакторуудад цөмийн түлш хүргэх, ачилт, тээвэрлэлт хийхийг хоригложээ.


Тус атомын цахилгаан станцад аюулгүй байдал зохих түвшинд хангагдахгүй байгааг TEPCO компани өмнө нь албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. "Касивазаки-Карива" станцад хяналтын тоног төхөөрөмжийн ажиллагаа доголдсон, дээд зэргээр сонор сэрэмжтэй байх журам дагаж мөрдөгдөх ёстой байруудад гадны хүн үзэгдсэн хэд хэдэн тохиолдлууд илэрчээ. Цөмийн материалуудыг зохих ёсоор нь хадгалах нөхцөл хангагдахгүй байна гэж Засгийн газрын шинжээчид мөн үзэж байгаа аж.


Хюншю арлын Нигата мужид байрладаг "Касивазаки-Карива" атомын цахилгаан станц нь долоон цөмийн реакторын нийт хүчин чадлаараа дэлхийд нэгдүгээрт жагсдаг байна. "Фүкүшима-1" АТС-д гарсан ослын дараа "Касивазаки-Карива" станцын үйл ажиллагааг техникийн хяналт шалгалт хийх зорилгоор хаасан байжээ. Удалгүй эзэмшигч нь уг байгууламжийн үйл ажиллагааг сэргээхийг хүсжээ.

Холбоотой мэдээ