Иран уран баяжуулалтаа 60 хувьд хүргэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-14 10:14:46

ТЕХРАН. /TASS/. Иран лхагва гаргаас уран баяжуулалтаа 60 хувьд хүргэнэ гэж тус улсын Гадаад хэргийн орлогч сайд Аббас Арагчи мэдэгджээ.

“Иран уран баяжуулалтаа 60 хувьд хүргэнэ гэдгээ МАГАТЭ буюу Олон улсын атомын эрчим хүчний агентлагт мэдэгдсэн. Бид Натанза дахь цөмийн байгууламжид мянган шинэ центрифуг суурилуулна” хэмээн тэрбээр мэдэгдэв.

Баяжуулсан ураны нөөцийн нийт хэмжээ одоогоор 4 тонныг даваад байна гэж Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф өмнө нь мэдэгдсэн байна. Өнөөдрийг хүртэл ураны баяжуулалт 20 хувиас хэтрээгүй байна. Ираны Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Али Рабиигийн мэдэгдсэнээр, Натанза хотын байгууламжид хорлон сүйтгэх ажиллагааны улмаас ажиллагаагүй болсон “IR-1” центрифугуудын оронд “IR-6”-г суурилуулах шийдвэр гаргасан гэжээ.

Ираны Натанза хот дахь цөмийн байгууламжийн цахилгаан түгээх хэсэгт осол гарсан тухай өмнө нь тус улсын Атомын эрчим хүчний байгууллагын албан ёсны төлөөлөгч Бехруз Камальванди мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, ослын үеэр цацраг идэвхт материал алдагдаагүй бөгөөд хүний амь эрсэдсэн, гэмтсэн тохиолдол гараагүй байна. Атомын эрчим хүчний байгууллагын дарга Али Акбар Салехи болсон явдлыг "цөмийн терроризмын илрэл" гэж мэдэгджээ. "Израилын талаас зохион байгуулсан дэлбэрэлтийн улмаас Натанзад осол болсон” гэж “The New York Times” сонин өмнө нь эх сурвалжаасаа эш татан мэдээлсэн юм. Үүний дараа осолд Израил холбоотой гэж Зариф мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ