В.Путин, Ж.Байден нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-14 09:05:14

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар мягмар гарагт утсаар ярих үеэрээ ойрын саруудад биечлэн уулзах боломжийг хэлэлцжээ.

Ж.Байден үүрэгт ажилдаа орсноос хойш хоёр дахь удаагаа хоёр улсын удирдагчид ийнхүү утсаар ярьсан байна. Өмнө нь тэд АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар 1 дүгээр сарын 26-нд утсаар ярьсан юм.

Уулзалт хийх боломж

Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Ж.Байден ойрын саруудад "гуравдагч оронд" биечлэн уулзахыг В.Путинд санал болгожээ. Кремлийн хэвлэлийн алба өндөр дээд хэмжээнд уулзалт хийх боломжийг судлах Америкийн Ерөнхийлөгчийн саналыг батлан мэдэгдэв.

Олон улсын тогтвортой байдал

Олон улсын тогтвортой байдлыг хангах чухал чиглэлээр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа талууд илэрхийлэхийн сацуу АНУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын харилцааг хэвийн болгох, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг зарим асуудлаар тогтвортой, урьдчилсан хамтын ажиллагааг бий болгох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Харин Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ын Төрийн тэргүүний стратегийн тогтвортой байдлын асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх сонирхолтой байгааг нь батлан мэдэгджээ. Үүний зэрэгцээ АНУ үндэсний ашиг сонирхлоо тууштай хамгаална гэдгийг Ж.Байден тодорхой ойлгуулсан хэмээн мэдэгдсэн байна. 

Украин

Орос, Украины хилийн нөхцөл байдалд санаа зовниж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч илэрхийлж, хурцадмал байдлыг намжаахыг уриалжээ. Түүнчлэн Украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжихээ Ж.Байден онцлон тэмдэглэсэн байна.

В.Путин "Минскийн цогц арга хэмжээнд тулгуурласан” улс төрийн зохицуулалтын арга барилуудыг Ж.Байденд танилцуулсан тухай Кремлийн хэвлэлийн алба цохон тэмдэглэв.

Уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалт

Дөрөвдүгээр сарын 22-23-нд цахим хэлбэрээр болох уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад В.Путиныг урьж буйгаа Ж.Байден дахин мэдэгджээ. Энэ талаар Цагаан ордны мэдэгдэлд дурдаагүй байна.

Анхны яриа

В.Путин, Ж. Байден нар 1 дүгээр сарын 26-нд анх удаа утсаар ярьсан юм. Энэ яриа 35 минут орчим үргэлжилж, талууд Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах тухай гэрээг /СНВ-III/ сунгах тухай дипломат ноот бичиг солилцсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу коронавирусний цар тахалтай тэмцэх, худалдаа эдийн засаг, бусад салбарт хамтран ажиллах боломжууд хийгээд олон улсын харилцаа, бусад асуудлыг хэлэлцжээ.

Холбоотой мэдээ