Японд өндөр настнуудыг вакцинжуулж эхэллээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-04-12 10:37:33

ТОКИО. /Kyodo/. Японд “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад өнөөдрөөс 65 болон түүнээс дээш насны иргэдийг хамруулж эхэлжээ.


АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанид гарган авсан вакцинаар иргэдээ дархлаажуулж буй Японд хоёрдугаар сараас эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулж эхэлсэн юм.


Засгийн газар өндөр настай 36 сая орчим иргэнийг бүрэн вакцинжуулахад хүрэлцэх тун вакциныг ирэх зургаадугаар сарын эцэс гэхэд орон даяар түгээхийг зорьж байгаа ажээ. Өндөр настнуудыг залуучуудтай харьцуулахад коронавирусээр халдварласан тохиолдолд хүндээр илрэх магадлал өндөр байгаа юм.


Японд коронавирусний халдварын улмаас хоёр дахь удаагаа тогтоосон онцгой байдлыг өнгөрсөн сард бүрэн цуцалснаас хойш Токио, Осака, Киото зэрэг мужид халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болоод буй энэ үед вакцинжуулалтын хоёрдугаар үе шат эхэлж байна. 


Засгийн газар халдварын тархалтыг хяналтад авахын тулд арга хэмжээнүүдийг чангатгах шаардлагатай мужуудыг тодорхойлсон боловч энэ зун болох Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтад саад учруулахгүйн тулд гурав дахь удаагаа онцгой байдал тогтоохоос татгалзаад байгаа ажээ. 


Pfizer”-ийн вакцины хоёр тунг 2-3 долоо хоногийн зайтай хийж буй Японд баасан гаргийн байдлаар 1.1 сая хүн вакцины ядаж нэг тунг хийлгээд байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Энэ нь хүн амын нэг хүрэхгүй хувьтай тэнцэх үзүүлэлт юм.


Японд өндөр настнуудыг вакцинжуулалтад хамруулсны дараа чихрийн шижин гэх мэт архаг хууч өвчтэй хүмүүс, өндөр настнуудын асрамжийн газарт ажилладаг хүмүүсийг дархлаажуулж, цаашид хүн амын үлдсэн хэсгийг вакцинжуулахаар төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ