16 -аас доош насны хүүхдүүд худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-09 22:33:49

Завхан/МОНЦАМЭ/. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2021 оны 4 сарын 10-ны 06:00 цагаас 4 сарын 25-ны 00:00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргаад байна.

-“Тухайлбал дөрөвдүгээр сарын 10-аас 25-ний хооронд сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж, зайлшгүй шаардлагатай дөрвөн тохиолдлоор зөвхөн сумын Засаг даргын зөвшөөрлөөр нэвтрүүлнэ.

Мөн Улиастай, Тосонцэнгэл сумаас бусад сум доторх хөдөлгөөн хэвийн байна.  Мөн Улиастай, Тосонцэнгэл сум доторх хөдөлгөөнийг зөвхөн 08:30-21:00 цагийн хооронд зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэвийн үргэлжлүүлнэ. Хүнсний дэлгүүрүүд 08:30-21:00 цагийн хооронд ажиллаж, бусад худалдаа үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй.

Дээрх хугацаанд 24 сумын сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ. Түүнчлэн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд хэвийн ажиллана. Мөн 16 наснаас доош насны хүүхдүүд худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхгүй. Банкны ATM ажиллаж, банкны үйл ажиллагааг зөвхөн цахимаар явуулна гэсэн шийдвэрүүдийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу аймгийн Онцгой комиссоос тус тус гаргаад байна. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2021 оны 4 сарын 10-ны 06:00 цагаас 4 сарын 25-ны 00:00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгуудыг халдварын тархалтын "улаан түвшин"-д шилжүүлж, төрийн байгууллага, хуулийн этгээд, хүний үйл ажиллагааны горимыг чанд мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасан байна. Иймд Завхан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж дээрх шийдвэрүүдийг гаргаад байна. Тиймээс иргэд маань дээрх журам шийдвэрийн дагуу онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байхыг уриалж байна” гэв.  

Холбоотой мэдээ