Хүрэл зэвсгийн үеийн чулууг Европын хамгийн эртний "3D" газрын зураг гэж үзжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2021-04-07 16:56:20

ПАРИС. /BBC/. Францаас илрүүлсэн хүрэл зэвсгийн үеийн хавтгай чулуу нь Европ тивээс олдсон хамгийн эртний гурван хэмжээс бүхий газрын зураг байж магадгүй байна гэж судлаачид мэдээлжээ.


Францын баруун нутгаас анх 1900 онд олж байсан 2м урт, 1.5м өргөн хавтгай хэлбэртэй чулууг 2014 онд Франц дахь нэгэн цайзын зоориноос дахин илрүүлсэн байна.


Археологичид 4000 жилийн өмнөх үед хамаарах чулуун дээрх хээнүүдийг нарийвчлан судалсны дүнд Бретань мужийн баруун хэсгийн газрын зураг хэмээн дүгнэжээ.


"Газрын зургийн" энэ хэсэг нь Одет голын хөндий орчмын хэсэгтэй таарсан


“Энэхүү олдвор нь Европоос олдоод буй хамгийн эртний газрын зураг байж магадгүй юм” гэж “Bournemouth” их сургуулийн доктор Клемент Николас “BBC” сувагт мэдээлсэн байна.


“Дэлхийн хэмжээнд чулуун дээр сийлсэн хэд хэдэн ийм газрын зураг өмнө нь олдож байсан боловч тайлбар төдий байсан. Харин энэ олдворт тухайн газар нутгийг тодорхой дүрсэлсэн байгаа юм” гэж тэрбээр нэмж хэлжээ.  


Мөн энэхүү газрын зураг нь тухайн газар нутгийнхаа хунтайж, хааны эзэмшлийг баталдаг байсан байж магадгүй болохыг К.Николас онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ