Завханы 1600 шахам иргэн хашааны газраа өмчилж авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-15 17:36:39

Завхан аймгийн төвийн гэр хорооллын нийт 2715 хашааны газрын нарийвчилсан судалгаа хийгджээ.

Үүнээс 1591 иргэнд “Газар өмчлөх эрхийн гэрчилгээ”-г нь үнэ төлбөргүй гаргуулан өгч, өмчийг нь баталгаажуулсан байна. Энэхүү ажил нь Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд хэрэгжсэн “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ын хүрээнд хийгджээ. Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төсөл нь 2008 оноос эхлэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Тухайлбал 2012 оноос газар өмчлөл, эрхийн бүртгэлийн нэгдсэн тогтолцоог сайжруулах, ажлын хүрээнд Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар гэсэн төрийн байгууллагуудыг хамарсан томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Энэ төслийн нэг гол зорилго нь гэр хорооллын иргэдийн газар өмчлөлийн үйл ажиллагааг дэмжих, өмчлөгдсөн газрыг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх, бүртгэлийн үнэн зөв найдвартай байдлыг хангах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, боловсон хүчний чадавхийг сайжруулах, иргэдэд газрын эдийн засгийн ач холбогдолыг ойлгуулах ажээ.

Төсөл хэрэгжих хугацаанд Завхан аймгийн Засаг даргаас 14 удаагийн захирамж гаргаж 1600 шахам иргэнд хашааны газраа өмчилж авах эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн байна.

Завхан Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ