Тайванийн “Тайжун хотын Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн-2021” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-04-02 16:10:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Тайжун хотын захиргаанаас жил бүр зохиодог “Тайжун хотын Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-д оролцох уран бүтээлчдийн хүсэлт буюу өргөдлийг цахимаар хүлээн авч эхэллээ.


Энэ удаагийн тэмцээний гранпри шагнал нь “Да Дуны дүрслэх урлагийн шагнал” бөгөөд нийт 5 уран бүтээлчийг шалгаруулна. Шалгарсан уран бүтээлч тус бүр 240 мянган шинэ тайвань доллар буюу 8.355 орчим ам.долларын урамшуулал хүртэх юм.


Тайжун хотын захиргаанаас 1996 оноос эхлэн зохион байгуулж буй тус үзэсгэлэн 2020 онд цар тахал дэгдсэний улмаас эхний шатанд цахим хэлбэрээр өргөдөл гаргахыг зөвшөөрөх болсон. Уг үзэсгэлэн, тэмцээн 11 төрөлд уран бүтээл хүлээж авах бөгөөд эхний шатанд бүтээл шалгарсан тохиолдолд зохион байгуулагч байгууллагаас уран бүтээлчид хандан албан ёсоор мэдэгдэл хүргүүлнэ.  


Өнгөрсөн онд уг тэмцээнд 26 орноос нийт 105 бүтээл  ирүүлснээс Тайвань уран бүтээлчид нийт 1328 бүтээлээр оролцжээ. Сүүлийн жилүүдэд Монголын уран бүтээлчид уг үзэсгэлэнд идэвхтэй оролцож, амжилт үзүүлж буй. Монгол Улсаас өнгөрсөн онд нийт 16 бүтээл уг үзэсгэлэнд оролцсоноос гуаш, даавуун бүтээлийн төрөлд нэг бүтээл үзэсгэлэнгийн хоёрдугаар шатанд тунаж үлдсэн юм.

2019 онд уран зургийн усан будгийн төрөлд нэг уран бүтээлч дэд байр эзэлж, монгол уран бүтээлчид анх удаа шагналт байранд шалгарсан юм.


Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ, “Энэхүү үзэсгэлэн Тайванийн төрийн байгууллагаас зохион байгуулдаг дүрслэх урлагийн чиглэлийн цогц, нэгдсэн томоохон ажил бөгөөд Тайваньдаа өргөн цар хүрээг хамардаг, хамгийн өндөр шагналын сан бүхий тэмцээнд тооцогддог. Да Дуны дүрслэх урлагийн үзэсгэлэнгээр дамжуулан Монгол орны уран бүтээлчид дэлхийн бусад орны мэргэжил нэгтнүүдтэй харилцаа холбоо тогтоох, найрсгаар харилцах, тэргүүний шилдэг бүтээлүүдээ таниулах, олон улсын тавцанд өөрийн дүр төрхийг бүрдүүлэх хамгийн шилдэг тайз болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.


Тус үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийн хүсэлт буюу өргөдлийг энэ сарын 1-15-ныг хүртэл хүлээн авах юм. 


2020 онд “Тайжун хотын Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-нд Монголын зураач Н.Мөнхбатын “Цэнхэр дурдан алчуур” бүтээл гуаш, даавуун бүтээлийн төрөлд хоёрдугаар шатанд шалгарсан юм. 

Холбоотой мэдээ