“Johnson & Johnson” Европт ирэх сараас вакцин нийлүүлж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-03-30 13:20:47

ВАШИНГТОН. /France24/. АНУ-ын “Johnson & Johnson” компани “COVID-19”-ийн нэг тунт вакцинаа Европт ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс нийлүүлж эхэлнэ гэдгээ даваа гарагт мэдэгдлээ.


Pfizer-BioNTech, Moderna”, AstraZeneca”-гийн вакцинд зөвшөөрөл олгоод байгаа Европын Эмийн агентлаг “Johnson & Johnson”-ын вакциныг гуравдугаар сарын дундуур бүртгэсэн юм.


Европын Холбооны 27 орон “Johnson & Johnson”-той 200 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулсан байна. Энэхүү вакцин нь нэг тунтайгаас гадна хадгалахад хялбар ажээ.


АНУ, Өмнөд Африк болон Өмнөд Америкийн орнуудад явуулсан эмнэлзүйн туршилтаар “J&J”-ын вакцин “COVID-19”-өөр халдварлахаас 67 хувиар сэргийлж буйг тогтоосны дараа Европын эмийн агентлаг уг вакцинд зөвшөөрөл олгосон юм.


Ташрамд дурдахад, “COVID-19”-ийн вакцинжуулалтын хурд АНУ, Их Британи зэрэг орнуудтай харьцуулахад сул байгаатай холбоотойгоор Европын хэд хэдэн орон халдвар тархахаас урьдчилан сэргийлэх шинэ хязгаарлалтуудыг тогтоохоор шийдвэрлэж байна.  

Холбоотой мэдээ