Архангайд сүүлийн 24 цагийн хугацаанд 5 иргэнээс коронавирусний халдвар илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-30 14:35:09
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга бөгөөд АОК-ын дарга Д.Золжаргал мэдээлэл хийлээ.
Архангай аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын нийт 286 хүнээс PCR шинжилгээ авахад, 5 иргэнээс халдвар батлагдаж, нийт 45 тохиолдол бүртгэгдлээ. Өөрөөр хэлбэл, Хайрхан сумын 3, Эрдэнэбулган сумын 41, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол байна.
Тодруулахад, ЭМЯ-ны өдөр бүрийн 11.00 цагийн мэдээлэлд Архангай аймгийн Батцэнгэл суман дахь 3 тохиолдлын тоог хамт мэдээлж байгаа бөгөөд энэ нь орон нутгийн одоогийн тоо мэдээтэй зөрж, иргэдийн дунд зөрүүтэй ойлголт төрүүлээд байна. Мөн шинжилгээ батлагдсан цагаас хамааран ЭМЯ-наас нийт батлагдсан тохиолдлыг нэгтгэн хүргэдэг. Харин АОК-оос өгч буй мэдээлэл нь цаг үеийн бодит тоо болохыг үүгээр мэдэгдэж байгааг АОК-оос мэдээллээ.
АОК-ын Шуурхай штаб нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн яаралтай арга хэмжээ аван ажиллаж, тархалт тодорхой хэмжээнд хумигдан, тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч тайвшрах болоогүй, эрсдэлтэй хэвээр байна. Иймд иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлах нь чухал байгааг хэлж байна.
Хөл хориог тодорхой хэмжээнд сулруулж, зарим үйл ажиллагааг зөвшөөрсөн хэдий ч дэглэмийн үед гэр бүлээс нэг л хүн нийгмийн харилцаанд орж, өрх бүр хувийн дэглэмээ баримтлахыг онцгой анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар хөдөө сумдаас аймгийн төвд суралцдаг ЕБС-ийн хүүхдүүдэд тархвар зүйн холбогдлыг тогтоож, PCR шинжилгээг хийн, нэгдсэн журмаар гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулж байна. Эрдэнэбулган сумын хэмжээнд 1400 гаруй сурагчид сургуулиудын дотуур байр болон айлд сууж байгаа бүртгэл байна. Харин аймагт хөл хорионы улмаас саатсан, сумдын иргэд PCR шинжилгээний хариуг үндэслэн нэг удаа нэвтрүүлж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихийн өмнө аймагт гацсан 300 гаруй иргэнийг PCR шинжилгээний хариуг үндэслэн буцаасан. Өнөөдрөөс эхлэн сумд руу буцах иргэдээ шат дараатайгаар бүртгэлд хамруулах ажлыг зохион байгуулж, бүртгүүлсэн иргэд дарааллын дагуу шинжилгээнд хамрагдан гарах зөвшөөрлөө авах аж.
Холбоотой мэдээ