Оюутолгой: Үл ойлголцлын уг сурвалж, түүнийг арилгах боломж

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2021-03-26 11:36:45

Оюутолгой төслийн үр өгөөжийн талаар хөрөнгө оруулагчид ба монголчуудын хоорондох олон жил бугшсан үл ойлголцлыг арилгах, тулгамдсан асуудлуудыг нухацтай ярилцсаны үндсэн дээр харилцан ашигтайгаар шийдвэрлэх боломж бий гэсэн итгэл найдвар сүүлийн үед төрөх боллоо. 


Учир нь, Рио Тинто групптэй хэлэлцээ хийх Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Рио Тинтогийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болдтой цахим хурал хийсэн нь амжилттай болж, талууд 3 дугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотноо хэлэлцээ хийхээр тохиролцлоо. Үүнтэй зэрэгцээд төслийг хэрэгжүүлэгч Оюу Толгой ХХК-иас Монгол Улсын Татварын албанаас тогтоосон Нөхөн ногдуулалтын актыг хэрэгжүүлж, 649 тэрбум төгрөгийн татварыг Төрийн санд шилжүүлсэн нь хэлэлцээний өмнөх сайн мэдээ мөн.  Түүнчлэн “Монголын Засгийн газар Оюутолгой төслийг зогсоож магадгүй” гэсэн мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр цацагдаж байсан нь намжжээ.


Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Оюутолгой төсөл Монгол Улсад үр өгөөжтэй байх ёстой гэсэн миний байр суурь өөрчлөгдөөгүй” гэж мэдэгдсэн бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын /ЗГХЭГ/ дэд дарга, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийх Ажлын багийн гишүүн Б.Солонго ярилцлага өгөхдөө “Рио Тинто групп, Туркойз Хилл компанийн зүгээс Оюутолгойн төслийг зогсоох хэмжээнд асуудал хурцадсан гэж мэдэгдээгүй, мөн Монгол Улсын засгийн газар төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн” гэлээ.



Дээрх Ажлын баг нь Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 2019 оны УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газрын шийдвэрээр 2019 оны 12 дугаар сард байгуулагдсан бөгөөд Оюутолгой төслийн гурван гол баримт бичиг болох Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг /бидний ярьж заншсанаар Дубайн гэрээ/ Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах үүрэгтэй юм.



ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго 


Анхны тооцоолол ба гурван удаагийн ТЭЗҮ 


Сайд Х.Нямбаатар, гүйцэтгэх захирал Б.Болд нар хэлэлцээ хийх болсон шалтгаан нь үндсэндээ төслийн зардал хэтэрч, Монголд ирэх өрийн ачаалал нэмэгдэж байгаатай холбоотой. Тодруулбал, Рио Тинто группын хийсэн ТЭЗҮ-д “далд уурхай ашиглалтанд орсноос хойш 2051 он хүртэлх хугацаанд Монгол Улс ногдол ашиг авахгүй төдийгүй 22 тэрбум долларын өртэй хоцорно” гэсэн тооцооллыг тусгасан нь Монголын олон нийтийн эргэлзээг улам лавшруулж, бухимдлыг төрүүллээ. Үүний зэрэгцээ 2051 он хүртэлх хугацаанд Оюутолгой компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ердөө 4-хөн жилийн хугацаанд төлөхөөр байгаа нь бүр ч ойлгомжгүй. Тооцоолол гарсны дараа олон нийтийн дунд маргаан мэтгэлцээн дахин өрнөж, тэртэй тэргүй олон жил бугшсан иргэдийн дургүйцэл сэдэрч, парламентын гишүүн хүртэл өлсгөлөн зарлаж байсан билээ.


31.4 сая тонн зэс, 1200 тонн алт, 2750 тонн мөнгөний нөөцтэй, дэлхий дээрх зэсийн 4 дэх том уурхай болох Оюутолгойгоос Монголд ногдох өгөөж буурч буйн үндсэн шалтгаан нь уурхайн төслийн ТЭЗҮ гурвантаа шинэчлэгдэх явцад хөрөнгө оруулалтын зардал өссөнтэй шууд холбоотой. Гүний уурхайн бүтээн байгуулалтын нийт зардал 2015 онд байгуулсан гэрээгээр 5.3 тэрбум доллар байсан бол хамгийн сүүлд шинэчилсэн тооцоогоор 30 хувиар буюу 1.4 тэрбумаар нэмэгдэж, 6.75 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна. Дубайн гэрээнд зааснаар далд уурхай 2021 оны 1 дүгээр сард ашиглалтад орох ёстой байсан боловч шинэчилсэн ТЭЗҮ-ийн дагуу бараг хоёр жилээр /22 сар/ хойшиллоо. Зардал өсөж, далд уурхай ашиглалтанд орох хугацаа хойшлох тусам Монголын талд ногдол ашиг хүртэх хугацаа дагаад хойшилж, өрийн ачаалал нэмэгдэж байна. Түүнээс гадна шинэ ТЭЗҮ-д тусгаснаар, төслийн зардал нэмэгдсэнээс шалтгаалан үр ашигтайгаар олборлож болох нөөцийн хэмжээ 8 хувиар буурчээ. Үүнтэй холбогдуулан дурдахад, Оюутолгойн ил уурхайг байгуулах зардал хэтэрсэн хэдий ч хугацаандаа буюу 2013 онд ашиглалтанд орж байсан бол энэ удаад далд уурхайн зардал нь хэтэрч, хугацаа нь ч хойшиллоо.


Төслийн явцын талаар эргэн сануулахад, анх 4,4 тэрбум долларын хөрөнгөөр ил уурхайг ашиглалтанд оруулаад, дараа нь олсон орлогоороо далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлнэ гэж хөрөнгө оруулагчид тооцоолсны үндсэн дээр тухайн үед Монголын тал Рио Тинтогоос мөнгө зээлж, өөрт ногдох 34 хувийн хувьцаандаа тохирох анхны хөрөнгө оруулалтыг хийсэн билээ.


Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд байгуулагдаж, 2010 онд ТЭЗҮ гарсны дараа Монгол Улс эдийн засгийн ихээхэн өгөөж хүртэнэ гэсэн хүлээлт үүссэн бөгөөд “Өгөөжийн 71 хувь нь Монголын талд, үлдсэн 29 хувь нь гадаадын хөрөнгө оруулагчдад ногдоно” гэдгийг харуулсан талхны зурагтай том самбарууд Улаанбаатарын төвд байсныг хүмүүс мартаагүй буй заа. Гэвч анхны тооцооллоос зардал хэтэрч, хүлээлт биелсэнгүй.


2013 онд Н.Алтанхуягийн засгийн газрын үед анхны хөрөнгө оруулалтын хэмжээ ТЭЗҮ-д тусгаснаас 1,4 тэрбум доллароор хэтэрч, үүнийг шалгах Ажпын хэсэг байгуулагдсанаар далд уурхайн ажил түр зогсч байв. Үүний дараа ТЭЗҮ-ийг дахин шинэчилж, улмаар 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө гэдэг баримт бичигт /Дубайн гэрээ/ гарын үсэг зурсан нь олон нийтийн ширүүн шүүмжлэлд өртсөөр өдийг хүрлээ.


Одоо нөхцөл байдал 2009 он ба 2015 оны үеийнхээс эрс өөрчлөгджээ. Үүнийг зарим эдийн засагч тайлбарлахдаа, ямар ч том мега төслийн зардал нэмэгддэг нь жирийн үзэгдэл бөгөөд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт 25-30 хувьд хэлбэлзэх нь хэвийн зүйл гэдгийг онцолдог. Ингэхдээ анх 250 сая доллароор барихаар төлөвлөсөн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын өртөг 15 жилийн дараа 650 саяд хүрснийг жишээ болгон дурддаг.


Ингээд Оюутолгойн далд уурхайн зардлын асуудал яригдсаар 2020 онд ТЭЗҮ-ээ дахин тодотгон шинэчилсэн Рио Тинто групп definitive estimate буюу санхүүгийн нарийвчилсан тооцооллоо өнгөрсөн оны 12 дугаар сард хөрөнгө оруулагчдад хүргүүлснийг дээр дурдсан. Уг тооцооллоос харвал, Монголд ирэх эдийн засгийн өгөөж илт буурч, ногдол ашиг хүртэх эсэх нь эргэлзээтэй болсон төдийгүй татварын орлого багасаж, манай улс жилийн ДНБ-ээсээ давсан өрөнд /22 тэрбум ам.доллар/ унах таагүй дүр зураг тодорч байна. Өөрөөр хэлбэл, төслийн нийт өгөөжийн 53 хувийг Монгол Улсын Засгийн газар татвар болон ногдол ашиг хэлбэрээр авах ба үлдсэн 47 хувь нь хөрөнгө оруулагчдад ногдоно гэж Рио Тинтогийн зарлан мэдэгдэж байсан тэр харьцаа өөрчлөгдсөн байж тун магадгүй. Үүнээс үүдэн уг төсөл манай улсад өгөөжтэй юү гэдэг дээр олон нийтийн дунд эргэлзээ үүсч, асуудлыг нухацтай ярилцах шаардлагатай гэдэг үүднээс Засгийн газраас Рио Тинтод мэдэгдэл хүргүүлсэн билээ. 


Үүнтэй зэрэгцээд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн нь Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак, Канадын “Turquoise Hill Resources” компанийн гүйцэтгэх захирал Ульф Куэльман нарыг албан тушаалаасаа огцроход хүргэсэн гэж гадаадын хэвлэлүүдэд дүгнэн бичиж байна. Ташрамд дурдахад, “Turquoise Hill” нь Оюу Толгой компанийн хувьцааны 66 хувийг эзэмшдэг бол “Rio Tinto” групп “Turquoise Hill”-ийн  51 хувийг эзэмшдэг.


Ер нь, төслийн зардал 2 удаагийн ТЭЗҮ-ээр хэтрээд байгаа нь Рио Тинтогийн мэдэгдсэнчлэн говийн эмзэг хөрс, геотехникийн нөхцлөөс шалтгаалж байна уу, зардлын хэтрэлтийг бууруулах боломж бий юү гэдгийг тогтоохын тулд Монгол Улсын Засгийн газар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулах саналыг тавьсан юм. Үүний дагуу “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс /ТУЗ/ далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, ашиглалтанд орох хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах үүрэг бүхий тусгай хороог байгуулахаар өнгөрсөн оны сүүлчээр шийдвэрлэсэн байна. Тус хороо нь Оюу Толгой ХХК-ийн Монголын талын 34 хувийн хувьцааг эзэмшигч “Эрдэнэс Оюу Толгой” төрийн өмчит компаниас нэр дэвшүүлсэн хоёр гишүүн, “Туркойз Хилл Ресурс” компаниас нэр дэвшүүлсэн хоёр гишүүн, нийт 4 хүнээс бүрдэх ба хөндлөнгийн шинжээчдийг сонгон томилж, тэдний дүгнэлтийг үндэслэн саналаа ТУЗ-өөр хэлэлцүүлэх ёстой. Мэдээж хэрэг, 6 жил шахам хугацаанд хэрэгжиж буй нүсэр том төслийн явцад шалгалт хийж дүгнэлт гаргана гэдэг бол тун ярвигтай ажил бөгөөд үүнд 6 сарын хугацаа шаардагдах аж. Дүгнэлт бэлэн болох хамгийн наад захын хугацаа нь 6 дугаар сар гэж тооцвоос, сайд Х.Нямбаатар, гүйцэтгэх захирал Б.Болд нарын хэлэлцээ наадмаас нааш дуусахгүй нь.


Өрийн дарамт 


Оюутолгой компанитай холбоотойгоор үүсээд буй өөр нэгэн “ноцтой” асуудал бол зээлийн санхүүжилтийн дарамт. Тус компани одоогийн байдлаар 11 тэрбум гаруй долларын өртэй байгаа бөгөөд үүнээс 4.4 тэрбум нь дэлхийн томоохон 20 орчим банк санхүүгийн байгууллагаас авсан зээл, 7 тэрбум нь Туркойз Хилл Ресурс компанид төлөх ёстой хувь нийлүүлэгчдийн зээл. Одоогоор уг зээлийн хүүнд 6.5 хувь+лайбор хүү төлж байгаа юм.


Үүний зэрэгцээ Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлснийхээ төлөө Рио Тинто групп хөрөнгө оруулалтын зардлаас 3 хувь, үйл ажиллагааны зардлаас 6 хувиар тооцож жил бүр төлбөр авч байгаа нь санхүүгийн нэмэлт ачааллыг үүсгэж байна. Тодруулбал, Рио Тинто 2013 оноос хойш менежментийн төлбөр хэлбэрээр 1.3 тэрбум доллар аваад байгаа бол 34 хувийн хувьцаандаа тохируулж хөрөнгө оруулалт хийхээр зээл авсан Монголын тал тус группт 2.2 тэрбум долларын өртэй болчихжээ. Энэ бүх өр зээлийн улмаас Оюу Толгой компани өдөрт 1.8 сая долларыг зөвхөн зээлийн хүүд төлнө гэсэн тун таагүй тооцоо гарсан байна. Ийм учраас Монгол Улсын Засгийн газрын зүгээс менежментийн үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэлтэй уялдуулах, хэмжээг нь багасгах, мөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм.


Энэ бүхнээс дүгнэвэл, Хөрөнгө оруулалтын болон Дубайн гэрээний тодорхой заалтуудаас үүдээд асуудал үүссэн гэж хэлэх боломжгүй бөгөөд Оюу Толгой компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалангийн ярьснаар “2015 онд байгуулсан Дубайн гэрээнд далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн тохиолдолд асуудлыг хэрхэн зохицуулах талаар тусгаагүй учраас Монголын тал уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгүй, харин шинээр байгуулахыг эрмэлзэж байна”.


Яг энэ үед Рио Тинто групп болон Туркойз Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчид тус хоёр компанийн эсрэг шүүхэд зарга мэдүүлж, “далд уурхайн зардал нэмэгдэж, ашиглалтанд орох хугацаа хойшилсныг хувьцаа эзэмшигчдэд цаг тухайд нь мэдэгдээгүй, төөрөгдүүлсэн” хэмээн компаниудыг буруутгаж байгаа юм. Нөгөөтэйгүүр, Дубайн гэрээгээр Рио Тинто групп далд уурхайтай холбоотой бүхий л эрсдэлийг дангаараа үүрч, Монголын талыг хариуцлагаас чөлөөлсөн нь жижиг хувьцаа эзэмшигчдэд таалагдахгүй байгаа бололтой. Ийм учраас монголчууд тэдэнтэй нэгдээд Рио Тинтогийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах нь буруу, харин урт хугацааны эрсдэлээ дааж буй энэ том хөрөнгө оруулагчтай зөвшилцөлд хүрч, Оюутолгойн төслийг үргэлжлүүлэх нь манай улсын хувьд алсыг харсан оновчтой алхам мөн гэдгийг “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан эдийн засагч Ч.Отгочулуу хэллээ. Мөн Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Б.Болд ярихдаа  “Бид бүгд нэг завин дээр байгаа шүү. Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээг урагшлуулж, төслийн үр өгөөжийг бүх талын хувьд нэмэгдүүлэх боломж бидэнд байна” хэмээн онцолсон юм. 


34 хувь эсвэл роялти


Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулагч тал ил уурхай, баяжуулах үйлдвэр, дагалдах дэд бүтцийг бүтээн байгуулахын тулд нийтдээ 11 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалтыг Оюутолгойд хийснээс 4 тэрбум доллар нь гүний уурхай барихад зарцуулагдсан байна. Өнгөрсөн хугацаанд Оюу Толгой компани Монголын ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээс 3 тэрбум гаруй долларын бараа, үйлчилгээ худалдан авснаас гадна 2010 оноос хойш 2.8 гаруй тэрбум долларыг татвар, хураамж бусад төлбөр хэлбэрээр Монгол Улсын төсөвт оруулжээ. 

Урьдчилсан тооцооллоор, Оюутолгой компанийн үйл ажиллагаа 2028 онд оргилдоо хүрч, 580 мянган тонн зэс /баяжмал дахь/, 570 мянган унц (18 тонн) алт олборлосноор жилд 4.74 тэрбум долларын орлого олохоор байна. Энэ бол одоо ажиллаж буй ил уурхайтай харьцуулахад 4 дахин их тоо. Үүний сацуу, гүний уурхай ашиглалтанд орохтой зэрэгцээд 2025 онд зэсийн үнэ 10 мянган долларт хүрч, цаашдаа дэлхий даяар цахилгаан автомашины хэрэглээ эрс өсөж, салхин цахилгаан станцуудыг олноор нь барихын хэрээр улам өснө  гэсэн өөдрөг таамаглалыг шинжээчид дэвшүүлж байна. Гэтэл зах зээлд ийм таатай нөхцөл үүсэх үед Монголын өр улам зузаарахаар байгаа нь олон нийтэд ойлгомжгүй байгаа юм.   


Үүнтэй холбогдуулан зарим улстөрч, эдийн засагчид “34 хувийн хувьцаагаа яаралтай зараад зардал хэтрэх, хугацаа хойшлох гэх мэт асуудалтай зууралдах шаардлагагүй, татвараа сайтар тохиролцох нь зүйтэй” гэж зөвлөдөг.  Түүнээс гадна, Засгийн газар өөрийн эзэмшдэг Оюутолгой төслийн 34 хувийг роялти буюу нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах талаар судлах нь зүйтэй гэсэн заалт парламентын тогтоолд бий. Харин Засгийн газар хувьцаагаа роялтигээр солих, эсвэл худалдах тал дээр яарахгүй гэдгийг ЗГХЭГ-ийн дэд дарга Б.Солонго хэллээ. Өөрөөр хэлбэл, төслийн хэрэгжилтийг бүрэн зургаар нь харсны дараа өгөөжийг нэмэгдүүлэхэд аль хувилбар нь илүү зохимжтой вэ гэдэг талаар зөвлөх компаниудтай хамтран дүн шинжилгээ хийсний дараа асуудлыг шийдэх байр суурьтай байна.


Б.Адъяахүү

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ