Усны зөв зохистой хэрэглээний талаар нөлөөллийн ажил өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-24 15:12:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдрийг энэ жил "Усны үнэлэмж, үнэ цэн" уриан дор Монгол Улсын хэмжээнд тэмдэглэж байна. Мөн өдөр ундны ус, цэвэр усаа ариг гамтай хэрэглэх, нөөцийг арвижуулах, хамгаалах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулдгаараа онцлогтой.

Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 14-ний өдрөөс “Усны үнэлэмж, үнэ цэн” сарын аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд Баянхонгор аймгийн болон сумдын ЗДТГ, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбогдох төрийн байгууллагууд, НҮБ-ын Хүүхдийн сан, БНСУ-ын ОУХА-ны байгууллага КОЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, 21 ажил арга хэмжээг аймгийн хэмжээнд өрнүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, зай хураагуур, хуванцар сав цуглуулах ажлыг зохион байгуулах, хуванцар савны хэрэглээнээс татгалзах ажлыг эрчимжүүлэх, эх дэлхийн цагаар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үүднээс автомашины хөдөлгөөнийг түр зогсоох, эрчим хүчний хэрэглээг түр хязгаарлах болон хүүхдүүдийн дунд “Цахим уншигч хүүхэд”, багш нарын дунд усны зөв хэрэглээний талаар видео хичээлийн уралдааныг тус тус зохион байгуулах аж.

Аяныг зохион байгуулах ажлын багаас нийт 1700 орчим хүнд танхим болон онлайн хэлбэрээр усны үнэлэмж, үнэ цэн, зөв зохистой хэрэглээний талаар нөлөөллийн сургалт мэдээллийг хүргэх төлөвлөгөөт ажилдаа ороод байна.

Холбоотой мэдээ