Малайзад вакцин хийлгэсний дараа эмнэлэгт хүргэгдвэл нөхөн төлбөр олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-03-22 17:25:45

КУАЛА-ЛУМПУР. /RIA Novosti/. Малайзын эрх баригчид коронавирусний вакцин хийлгэсний дараа эмнэлэгт хүргэгдсэн тохиолдолд 50 мянган ринггит буюу 12 100 гаруй ам.долларын нөхөн төлбөр олгохоор болсон байна.


Энэ зорилгоор Малайзын Засгийн газар 2.4 сая ам.долларын тусгай сан байгуулсан гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Адхам Баба даваа гарагт болсон видео хурлын үеэр мэдэгдэв.


Түүний хэлснээр, "Засгийн газар вакцинжуулалтын үндэсний хөтөлбөрт итгэх иргэдийн итгэлийг үргэлжлүүлэн бэхжүүлнэ". "Эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх шаардлагатай ноцтой гаж нөлөө илэрсэн тохиолдолд 50 мянган ринггит төлнө. Хөгжлийн бэрхшээлтэй болсон эсвэл нас барсан тохиолдолд хэмжээ нь 10 дахин нэмэгдэнэ" гэж Малайзын Эрүүл мэндийн сайд хэлжээ. Эдгээр нөхөн төлбөр нь Малайзын иргэд төдийгүй тус улсад байнга оршин суудаг гадаадын иргэдэд хамаатай байна.


Тэрбээр мөн тус улсад хоёрдугаар сарын 23-нд вакцинжуулалт эхэлснээс хойш гуравдугаар сарын 18 хүртэл вакцин хийсний дараа хүчтэй загатнах, амьсгал давчдах, зүрхний цохилт түргэсэх зэрэг шинж тэмдэг илэрсэн 20 тохиолдол бүртгэгдсэн болохыг мэдээлжээ. 


Одоогийн байдлаар Малайзын эрх баригчид вакцинжуулалтын хөтөлбөртөө “Pfizer-BioNTech”, “Sinovac Biotech” компаниудын вакциныг хэрэглэж байна. Тус улсын Засгийн газар мөн “AstraZeneca” компанийн вакциныг худалдаж авчээ. Үүнээс гадна, Оросын шууд хөрөнгийн оруулалтын сан "Спутник V" вакциныг нийлүүлэх гэрээг Малайзын “Duopharma Sdn Bhd” компанитай нэгдүгээр сарын сүүлчээр байгуулсан байна.


 

Холбоотой мэдээ