Филиппиний босогчид Канадын иргэнийг хөнөөсөн байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-14 09:54:38

МАНИЛА./ВВС/. Сулу мужийн өмнөд нутгийн арлаас олдсон хүний толгой нь өнгөрсөн оны есдүгээр сард лалын босогчдод хулгайлагдан барьцаалагдсан Канадын иргэнийх мөн эсэхийг Филиппиний холбогдох албаны хүмүүс шалгаж байна.

Филиппиний цагдаа болон армийнхан өнгөрсөн шөнө мэдэгдэл хийхдээ “Сулу мужийн Жоло хотын гудамжинд хүний толгой олдсон. Энэ толгой гадаадын иргэний толгой байж магадгүй” гэв.

Өнгөрсөн оны есдүгээр сард лалын босогчдын цэрэгжсэн бүлэглэл болох “Абу Сайяф”-ынхан Самал арлын амралтын газрын зочид буудалд байсан дөрвөн хүнийг барьцаалсан юм. Барьцаалагдсан хүмүүсийн хоёр нь Канадын иргэд , нэг нь норвеги залуу байсан бол нөгөө нэг нь филиппин эмэгтэй байсан билээ.

Тэднийг хулгайлсан этгээдүүд барьцааны мөнгө өгөхийг шаардаж байсан юм. Барьцаалагчид энэ оны дөрөвдүгээр сард Канадын хоёр иргэний нэгийг нь хөнөөсөн.

Даваа гараг гэхэд барьцааны мөнгийг төлөхгүй бол Канадын иргэнийг хөнөөнө гэж босогчид сүрдүүлж байжээ.

Филиппиний цагдаа нар  арал дээрээс олдсон хүний толгойг шинжилгээнд өгч, барьцаалагдсан хүмүүсийг хайж байна.

“Абу Сайяф” нь Филиппиний өмнөд нутагт төвтэй бүлэглэл бөгөөд “Лалын улс”-д үнэнчээр зүтгэнэ гэдгээ амлаж байсан аж. Тус бүлэглэлийнхэн барьцааны мөнгө авахын тулд гадаадын иргэдийг нэг бус удаа хулгайлж байжээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ