Өвөрхангайн нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-14 15:43:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн нийт нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч байна. Салхи 16-18 м/с, зарим үед 24 м/с хүрч, хүйтний эрч чангарч байгааг УЦУОША-наас анхаарууллаа.

Иймд иргэд та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг анхаарч, хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавихыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас мэдэгдэж байна.

Мөн хүчтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, авто машин олноор замд саатах, зорчигчдын амь, эрүүл мэндэд эрсдэл учрахаас сэрэмжлэх хэрэгтэй. Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж хол ойрын замд гарах, мал бүхий иргэд салхи, шуурганы үед төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ