Д.Хасбазар: Монголын радио-Байко-Нур-Останкиногийн гурвалсан шууд холбоо 8 хоног ажилласан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
dusem11@yahoo.com
2021-03-12 13:34:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тэртээ 1981 онд сансарын "Союз-39" хөлгийн нислэгийг сурвалжилсан Монголын радиогийн уран бүтээлчдийн багийг удирдсан сэтгүүлч Д.Хасбазарын дурсамж нийтлэлийг Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулж уншигч та бүхэндээ толилуулж байна.


Д.Хасбазар нь Сүхбаатар аймгийн Хонгор сумын уугуул. УБДС, ЗХУКН-ын Дээд сургууль, Нийгмийн ухааны академийг төгссөн. 1960 оноос МОНЦАМЭ агентлаг, Монголын радиод редактор, сурвалжлагч, 1973-1985 онуудад МРТУХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын  радиогийн Ерөнхий редактор, Программын захиргааны дарга, Мэдээллийн “Хурд” агентлагийн хариуцлагатай редактор, 1985-1990 онуудад Москвад суух   МОНЦАМЭ агентлаг, Монголын радио, телевизийн тусгай сурвалжлагч, Монголын радиогийн сурвалжлах багийн ахлагчаар томилогдон ажилласан сэтгүүлч билээ.


Сэтгүүлч Д.Хасбазар “Сансар-Дэлхийн яриа буюу Дэлхий орчмын тойрог замаас сурвалжилсан нь”, “Монголын Радиогийн 87 жилийн түүхийн он цагийн нэгэн гайхамшигтай үйл явдал бол Монгол хүн сансарт ниссэн түүхэн гавьяа”, “Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан “Союз-39” хөлгийн нислэг, “Салют-6”, “Союз Т-4” станцын эрдэм шинжилгээний туршилт судалгааны ажил” зэрэг сурвалжилгуудаа эргэн дурсаж байна.



Тэрбээр: “Сансрын нислэгийг, сансрын нисэгчдийг сурвалжилж явсан минь саяхан мэт санаанд тодхон байна. Тэр мартагдашгүй цаг мөчөөс хойш 40 жил өнгөрчээ. Тэртээх 1981 оны гуравдугаар сарын хаврын өдрүүд манай монгол эх орны хувьд нэгэн гайхамшигтай хөгжлийн алтан хуудсыг нээсэн юм. Тэр цагт монгол хүн бүхэн баяр бахдлаар бялхаж байлаа. Сансрын хамтарсан нислэгийг сурвалжилах Монголын радиогийн уран бүтээлчдийн багийг удирдсан, сурвалжилж явсан маань миний амьдралын мартагдашгүй мөч болж дурсагдсаар 40 хаврыг үджээ хэмээн яриагаа эхлүүлсэн юм.


Д.Хасбазар энэхүү түүхэн үйл явдлын тухай ийнхүү хуучилсан юм. Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгт бүр 1979 оноос бэлтгэж эхэлсэн байдаг. Тэрхүү түүхэн үйл явдалд бэлтгэх, оролцох, сурвалжлан мэдээлэх хүмүүсийг дээд газраас нууц тогтоолоор нэр зааж томилж, бэлтгүүлж эхэлсэн юм. Тэр даруйд Монголын радиогийн Ерөнхий редакторын алба хашиж байсан миний бие болон нэр бүхий сэтгүүлчдэд үндсэн үүрэгт ажлын зэрэгцээ их ачаалал нэмэгдэж билээ.


Сансрын шинжлэх ухааны түүхэн үе, сансар судлалд дэлхийн улс орнууд, эрдэмтдийн оруулж буй хувь нэмэр, шинэ туршилт, шинэ мэдээлэл олж авах, сансар судлалын гадаад нэр томьёог монгол хэлнээ нийцүүлж хөрвүүлж бичих зэрэг их ажил хүлээж байв. Нэг үгээр өгүүлбээс газар дээрх сэтгүүлчид бид сансрын нислэгт биеэ бэлтгэх, онол, амьдралын мэдлэгтэй болох талаар хичээнгүйлэн ажиллаж байсан. Тэр цагт Намын төв хороо /НТХ/-ноос Г.Адьяа, Ч.Түмэндэлгэр, Ч.Даваадаш, Г.Дашдаваа, академич Б.Чадраа нарын удирдах хүмүүс, эрдэмтэд сэтгүүлчид биднийг сансар судлалын ховор, сонихон мэдээллээр цэнэглэж байв. Бид ШУА-ийн Физик-техникийн хүрээлэн болон Монголынхоо эрдэмтэд, судлаачидтай уулзаж яриаг нь соронзон туузнаа буулгаж, өөрсдийн мэдлэгээ дусал дуслаар нэмж байв. Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийг сурвалжлах Монголын Радиогийн уран бүтээлчид, инженер-техникийн ажилтны багт 1980 оны дундуур бүрэлдэж сэтгүүлч Д.Хасбазар, Г.Одхүү, Я.Сүхбаатар, тоймч Ч.Чагдар, Д.Базарваань, инженер Ч.Цэндбазар, телетайпчин Ж.Бямбажав нар багтсан юм.


Улмаар 1980 оны намар Зөвлөлт-Унгарын сансрын хамтарсан нислэгтэй танилцахаар Радио-Телевизийн сэтгүүлчид бид Москвад очсон юм. Тэгээд бид Зөвлөлтийн радио, Телевизийн удирдах хүмүүстэй олонтоо уулзаж, удахгүй болох хамтарсан нислэгийн үеэр хамтран ажиллах яриа хэлцлийг өрнүүлж байж билээ.

Ийнхүү 1981 оны төмөр тахиа жилийн урин хавар айлчилж Монгол орон, Монголын ард түмэн үндэсний их баяр-Ардын хувьсгалын ялалтын 60 жилийн ойд бэлтгэсэн их хөдөлмөрийн сар өдрүүд байсан. Энэ түүхэн ойдоо барих хамгийн эрхэм дээд бэлэг бол Монгол хүмүүнийг сансарт нисгэх явдал байлаа.


Сансрын хамтарсан нислэг болох цаг хугацаа, сар өдрөөр ойртлоо. Урд жилүүдэд нь “Интеркосмос” хөтөлбөрийн дагуу тэр үеийн хамтын нөхөрлөлийн хэд хэдэн орон Зөвлөлтийн хөлгөөр сансарт хүмүүнээ хөөргөөд байсан үе юм.


Одоо Монгол Улсын ээлж болж Монгол хүн сансарт нисэх бэлтгэл сургуулиа Москвагийн ойролцоох Оддын хотхонд базаагаад байв. Сансарт Монгол хүн нисэх товлосон хугацаа дөхжээ. Ийм үед сансрын нислэгийг Монгол орон даяар сурвалжлан мэдээлэх сэтгүүлчид, инженер-техникийн ажилтны багийг албан ёсоор томилж Москвад илгээсэн юм.



Улаанбаатараас Монголын Радио, Телевизийн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй онцгой даалгавар биелүүлэх баг Москва хотноо “Мир” зочид буудалд буув. Ийм өргөн бүрэлдэхүүнтэй багийн Монгол телевизийн уран бүтээлчдийг сэтгүүлч М.Чойжил, Радиогийн уран бүтээлчдийн багийг сэтгүүлч Д.Хасбазар миний бие удирдан ажилласан юм.


Монголын радио, телевизийн сэтгүүлчдийг Бүх холбоотын радио, төв телевизийн удирдлага, мэргэжил нэгт нөхөд маань элэгсэг дотно хүлээн авч Останкины өндөр цамхагийн дэргэдэх Төв телевизийн техник хэрэгслэлээр тоноглогдсон өрөө танхимд байрлуулж, “Чайка” машинаар үйлчлүүлдэг байж билээ. 


Бид Москвад буудалсныхаа маргаашаас Орос, Зөвлөлтийн сансар судлалын олон төвтэй танилцаж, тэндээс сансрын шинжлэх уханы ололтын тухай сурвалжилж Монголынхоо радиод дамжуулав. Тухайлбал, Калуга муж дахь Оросын сансар судлалын эцэг К.Циолковскийн музейгээс, Оросын нисэх хүчний маршал .Жуковскийн нэрэмжит агаарын цэргийн инженерийн академиас, Улс ардын аж ахуйн үзэсгэлэнгийн /ВДНХ/ “Сансар” асраас, Оддын хотхоноос, Ю.А.Гагарины ажлын өрөө, түүний музейгээс, Сансрын хөлөг зохион бүтээгч, академич Сергей Королёвын гэр музейгээс, Ю.А.Гагарин Серегин нарын осолдож амь алдсан Крижажийн хусан ойн төгөлөөс сурвалжилга бэлтгэн Монголын радио сонсогчдод хүргэж байлаа. Мөн  Зөвлөлтийн сансар судлалын нэрт эрдэмтэн, академич Б.Петров, академич В.Котельников, сансрын нислэгт бэлтгэх төвийн дарга Г.Береговой, сансрын эзгүй задгайд гарсан А.Леонов болон манай эх орны бүтээн байгуулалтад оролцож байсан фронтын сурвалжлагч К.Симонов, “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулцсан А.Черкашев нарын олон алдартантай уулзсан радио сурвалжилгуудыг сонсогчдод толилуулсан байдаг. Түүнчлэн Монголынхоо их эрдэмтэн академич Б.Ширэндэв, Ш.Цэгмид нартай хийсэн ярилцлага, ЗХУ-ын ШУА-ын “Интеркосмос”-оос шууд дамжуулсан сурвалжилга, Нислэгийг удирдах төв /ЦУП/-өөс бэлтгэсэн нэвтрүүлэг, сурвалжилгаа Улаанбаатарт дамжуулж байлаа.


Энэ маань удахгүй эхлэх сансрын нислэгийн өдрүүдээр радиогоор нэвтрэх амьд сурвалжилга, ярилцлагууд болж, Монголын радиогийн “Алтан сан” хөмрөгт хадгалагдсан түүхтэй.


Монгол хүн сансарт нисэх хугацаа хоёр, гуравхан хоногоор тооцогдох боллоо. “Оддын” хотхонд хэвлэлийн хурал болж Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн багийн бүрэлдэхүүнийг хоёр орны сэтгүүлчдэд албан ёсоор зарлав.


Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа, М.Ганзориг нар “Одод”-ын хотхонд олон сар сургуулилалт хийж бэлтгэлээ бүрэн базаажээ. Булган аймгийн малчны хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт нисэх эрх авлаа. Зөвлөлтийн талаас сансарт олон удаа ажилласан ЗХУ-ын баатар, сансрын туршлагатай нисэгч Владимир Жанибеков хөлгийн даргаар томилогдлоо. Хэвлэлийн хуралд сэтгүүлчдийн олон асуултад сансрын нисэгч Г.Береговой, генерал В.Шаталов, сансрын хөлгийн үндсэн багийн нисэгчид В.Жанибеков, Ж.Гүррагчаа, орлон нисэгч В.Ляхов, М.Ганзориг нар сонирхолтой хариулт өглөө. Тухайлбал, радиогийн сурвалжлагч Д.Хасбазар миний асуултанд Ж.Гүррагчаа хариулахдаа: Сансрын нислэгийн үеэр явуулах эрдэм шинжилгээний сорилт, туршилтын нилээд зүйлийг хоёр орны эрдэмтэд хамтран боловсруулж бэлтгэсэн юм. Монгол  мэргэжилтнүүдийн бэлтгэсэн “Туяа”, “Туйлшрал”, “Биоритм”, “Чацаргана” зэрэг сонирхолтой туршилт багтсан хэмээн хэлж байлаа.


Сэтгүүлч бидэнд сансрын нислэгийн гараа буюу сансарт хүчирхэг хөлөг хөөрөх үеийн сурвалжилга бэлтгэх хариуцлагатай мөч тулж ирэв. Сэтгүүлч Г.Одхүү бид хоёр зочид буудалдаа Байко-Нураас дамжуулах сурвалжилгынхаа эх бичлэгийг зохиож түүнийгээ газар дээрээс нь уншиж байгаа мэтээр сургуулилж, “НАГРА” хэмээх аппаратандаа бичиж, эргүүлэн сонсож, засаж сайжруулах, дуу ярианыхаа өнгө ялгаралтыг хүртэл ямар байвал зохистойг зөвшилцөж байж билээ.


Монгол хүн сансарт хөөрөх цаг болжээ. 1981 оны 3 дугаар сарын 22-ны үдэш Москвагийн цагаар 17 цаг 59 минутанд Зөвлөлтийн сансрын хөлгийн буудал Байко-Нураас “Союз-39” хөлөг сансарт цойллоо.


Домогт Байко-Нураас 246 удаа пуужин хөөргөсөн бол “Союз-39” 247 дахь нь байв. Сансрын “Союз-39” хөлөг бол 9 давхар байшингийн дайтай өндөр бөгөөд түүнийг 20 сая морины хүчтэй хүчирхэг пуужин тойрог замд оруулах юм. Монгол улс сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон, Ж.Гүррагчаа сансрын 101 дэх нисэгч боллоо.  Энэ нь Монгол эх орны минь хувьд 20 дугаар зуунд тохиосон хосгүй түүхэн гарамгай үйл явдал байлаа.


Сансрын хөлөг хөөрөх агшинд Останкины төвд ажиллаж байсан бид Зөвлөлтийн мэргэжил нэгт нөхдийн хамт Байко-Нураас дамжуулсан шууд сурвалжилгыг Останкины төвд хүлээн авч эмхлэн цэгцэлж, ТАСС-ын мэдээ дамжуулмагц Улаанбаатар луу шууд нэвтрүүлэхэд бэлтгэж билээ.


ТАСС-ын мэдээ ирлээ. Улаанбаатарт урин хаврын 3 дугаар сарын 23-ны үүр манхайн цайх үеэр Монголын радио Зөвлөлт-Монголын сансрын багийн жолоодсон “Союз-39” хөлөг сансарт хөөрсөн тухай сурвалжлагыг орон даяар Монголын радиогаар дамжуулж, ард түмэндээ хамгийн түрүүнд хүргэж байлаа.


Монголын радио-телевизийн удирдлага хамт олон бидний дамжуулсан сурвалжилгыг сонсогч түмнийхээ хамт сэтгэл догдлон сонсож, баяр хүргэсэн телетайпын цахилгаан мэдээ илгээсэн нь бидний урмыг улам нэмж билээ.


Байко-Нурын сурвалжилгыг нэрт сэтгүүлч М.Чойжил хожим хэвлүүлсэн “Чихнээ сонсголонт Радио” хэмээх түүхэн тэмдэглэл номондоо: “Монголын Радиогийн сурвалжлагчийн Байко-Нураас  “Союз-39” хөлөг  хөөрч буйг нүдэнд харагдаж, зүрх сэтгэлд шингэтэл хийсэн шууд сурвалжлага, түүний сэтгэл догдолсон дуу хоолой, баяр бахдал, цаана нь газраас алдууран тэнгэр өөд цойлсон хөлгийн нүргэлсэн дуу чимээ, төвөөс өгч буй удирдлага яриа цөм тод сайхан, сэтгэл хөдлөм сонсогдох нь Монгол хүн бүрийг гайхан бишрүүлсэн бөгөөд Монголын Радиогийн зууны шилдэг сурвалжилга мөн гэж” бичсэн байдаг.


Монгол хүн сансарт хөөрсөн тэр цаг өдрөөс эхлэн сэтгүүлч бид “Дэлхий орчмын тойрог замын тэмдэглэл”, “Сансар-Дэлхийн яриа”, “Сансрын өдрийн сурвалжилга” гэх нэрийн дор олон арван сурвалжилга, ярилцлагаа Улаанбаатарт дамжуулж байсан. “Монголын Радио-Байко-Нур-Останкино” хэмээх гурвалсан шууд холбоо бүтэн найман хоногийн турш ажиллаж билээ. БНМАУ сансарт иргэнээ илгээсэн тэр гайхамшигт үйл явдлын сурвалжилгууд Монголын радиогийн “Алтан сан” хөмрөгт хадгалагдаж байгаа. Сансрын хамтарсан нислэгийн 100 жилийн ой болох өдрүүдэд ч үнэт эрдэнэ мэт нэвтрэх буйзаа.


“Союз-39” хөлөг сансарт гарч, эх дэлхийгээ 109 минутанд нэг удаа тойрсны дараа сансарт байрлаж буй олон улсын сансрын “Салют-6” станцтай холбогдох ёстой юм. Бүх зүйл минут секундээр хэмжигдэж, “Союз-39” хөлгийн баг, дэлхий орчмын тойрог замд яваа олон улсын “Салют-6” станцад ажиллаж буй сансрын нисэгч В.Савиных, В.Ковалёнок нартай уулзан золгож, “Союз-Салют” станцын баг жинхэнэ 7 хоногийн хөтөлбөрөө эхэлсэн түүхтэй.


“Салют” станцын багийнхны гүйцэтгэх ёстой нарийвчилсан хөтөлбөрийн эхэнд багийн гишүүд Монголын Радиогийн тайлбарлагчтай ярилцана гэсэн дараалал бичээстэй байлаа.



Тэр сэтгэл хөдөлгөсөн мөчид, сансрын нисэгч нартай газар дэлхийгээс хамгийн түрүүнд ярилцах хувь тохиол надад оногдсон юм. “ЦУП” хэмээх нислэгийг удирдах төвийн эгнэн ярайсан телевизорын дэлгэцний өмнө миний бие чихэвчтэй микрофон зүүж, тэдний амар мэндийг асууж, цаашдынхаа хөтөлбөрийг амжилттай биелүүлж, шинжлэх ухаан, сансар судлалд үнэтэй хувь нэмэр оруулан Эх сайхан дэлхийдээ, эх орондоо эргэж буухын ерөөл өргөж билээ. Мөн тэр агшинд Монгол оронд Булган аймгийн Гурванбулаг суманд Хөгнөхааныхаа хөдөө нутагт тавтай сайхан хаваржиж байгаа Жүгдэрдэмид гуайн гэрт манай тусгай сурвалжлагч Г.Мэнд-Ооёо /”Чингис хаан” одонт, СГЗ/ зочилж, ВЕF хэмээх хүлээн авагчаараа Москва-Улаанбаатарыг сонсож аав ээжийнх нь мэндчилгээг надаар дамжуулж Гүррагчаа болон Зөвлөлтийн сансрын баатруудад илгээж байж билээ.


Ж.Гүррагчаа хариу хэлэхдээ: “Аз жаргалтай, эрүүл энх, сайн сайхан сууж, ажил үйлсдээ их амжилт гаргаж байгаарай гэж ерөөе! Удахгүй уулзахын баярт мөчийг хүлээж байна гэв.


- “Салют-6” станцад шилжиж орсны дараах анхны өдөр ямар туршилт хийж эхлэв гэсэн миний асуултанд


- Бид одоо эрдэм шинжилгээ туршилтын ажилдаа ороод байна. Одоо бид “Туяа” туршилтын төхөөрөмжийг хөлгөөс станцад оруулан угсарч бэлэн болголоо. Биднийг үдийн цай ууж байхад тантай ярилцлаа.


- Үдийн цай амттай байна уу?


- Сансрын аяны цай сайхан байна


- Та бүхэн одоо Монгол орны дээгүүр өнгөрч байна. Эх орон тань ямар харагдаж байна.


- Үүл ихтэй байна. Зарим үед шөнө өнгөрч байдаг болохоор тодорхой мэдэгдэхгүй юм. Би дахиад олон удаа эх орныхоо дээгүүр ниснэ. Тэр үед тодорхой хэлье.


-“Фотон”, нөхөр Ковалёнкогоос асууя. Та бүхэн одоо манай эх орны дээгүүр нисэж явна. Монголын Радио сонсогчдод хандаж юу хэлмээр байна вэ” гэсэн миний асуултанд


-Ковалёнко хариулахдаа: “Бид сансарт удаан хугацааны нислэг хийхдээ Танай сайхан эх орны дээгүүр олон удаа өнгөрч ажиглан харж байсан. Харин Монголын ард түмний төлөөлөгч Гүррагчаатай хамт манай багийнхан танай нутгийг сансрын уудмаас харахад онцгой  гоё сэтгэгдэл төрж байна. Манай Гүррагчаа сансрын нислэгт онцсайн дасч, хэт их ачааллыг амжилттай давж, ажиллах чадвар сайтай байгаа нь их таалагдлаа. Бүх зүйл ёсоор болж байна. Би БНМАУ-ын радио сонсогчдод хандаж, энэ баярт үйл явдлыг тохиолдуулан хувьсгалын их баяраа угтаж хөдөлмөр бүтээлийн их амжилт гаргаж, аз жаргалтай байхыг хүсэн ерөөе! гэсэн билээ.


Ж.Гүррагчаа энэ мэндчилгээг залгаж хэлэхдээ: “Ахмад үеийнхнээсээ залуу үедээ хандаж хэлсэн захидлыг би хөлөгтөө авч явна. Үеийн нөхөддөө хандаж хэлмээр юм байна. Залуу хүн бол үргэлж урагш тэмүүлэн бүтээхийг мөрөөдөж явдаг. Би ч тэгж хүсэж мөрөөдөж явсан. Миний хүсэл, мөрөөдөл биелж байгаад би их баяртай байна. Хүсэл мөрөөдөл биелж байгаа энэ баярт мөчид залуу үеийнхэндээ ажил амьдралын хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе! Бидний бие сайн байна. Бид эмнэлэг-биологийн туршилт хийж эхэлнэ. Нислэг маш амжилттай байна гэж дамжуулаарай гэв.


Хамт нэг экипажид нисэж яваа Зөвлөлт нөхдийнхөө тухай сэтгэгдлээ хуваалцахгүй юу гэж Ж.Гүррагчаагаас асуухад: “Зөвлөлтийн хүмүүс үнэхээр сайхан хүмүүс. Зөвлөлтийн сансрын нисэгчид өргөн мэдлэг боловсролтой, хүнлэг сайхан чанартай улс юм. Ийм чанар нь надад онцгой сайхан санагддаг гэж хариу хэлж байсныг одоо ч тодхон санаж байна.


Сансрын 7 хоног, сансрын хурдаар өнгөрч сансрын нисэгчид эх дэлхийдээ эргэж буух цаг болжээ. Сансрын хөлөг Сахалин, Курилийн арал, Атлантын далай, Африк тивийг өнгөрч, Каспийн тэнгис дээгүүр нисэхдээ Москвагийн цагаар 14 цаг 42 минутанд эх дэлхийдээ нэг секундэд 3-4 метрийн хурдтай газардсан юм. Казахстаны Кзыл-Орда мужийн өргөн тал хөндийд Жамбул хотоос холгүй газардах хөлгийн буугч аппаратыг эрж хайх нисдэг тэрэгнүүд энд тэндгүй амдаж байв. Тэдний нэгэнд манай сурвалжлагч Я.Сүхбаатар, Т.Галдан нар сууж нисдэг тэрэгний бүхээгнээс агшин бүрийг алдалгүй бичиж Останкинод байрлах бидэнд дамжуулж байлаа. Ингэж хамтарсан “Союз-39” хөлгийн нислэг амжилттай болж газар дэлхийд бөөн баяр хөөр авчирч, алдар гавьяа түгэн дуурссан билээ. 20 дугаар зууны яруу алдарт жилүүдэд манай орон сансрын хурдад хүрч, монгол хүний оюун ухаан сансрын хязгааргүй холд хүрснийг өнөөдөр дэлхий дахин бахдан харж байна.


Сансрын нисэгчид “Одод”-ын хотхондоо ирлээ. Олон олон үйл явдал дараалан боллоо. Сансрын баатрууд эх орондоо ирлээ, эх сайхан Монгол орондоо зочиллоо.



Сансрын баатруудыг “Буянт-Ухаа”-д угтах ёслол, газар сайгүй болсон уулзалт, хөдөлмөрийн амжилт, рапорт, шүлэг найраг, дуу хөгжим, уран зураг, шинэ бүтээл бүхнийг мөн л сурвалжлах үүргээ Монголын Радиогийн уран бүтээлчид биелүүллээ.  


Монгол хүн сансарт нисэх “Онцгой томилолт”-ыг сурвалжлан дамжуулах “Онцгой даалгавар”-аа Монголын Радиогийн баг нэр хүндтэй биелүүлж эх орныхоо нийслэлд баяртай буусан түүх товчхондоо ийм юм.


Сансрын нислэг, сансрын нисэгчдийг сурвалжлах хүндтэй үүрэг миний хувьд үүгээр дууссангүй. Зөвлөлт-Монголын хамтарсан нислэгийн 5 жилийн ойн дараахан Москвад суух МОНЦАМЭ агентлаг, Радио, Телевизийн тусгай сурвалжлагчаар ажиллахдаа уг нислэгийн 10 жилийн ойг угтуулан ЗХУ, Монгол улсын баатар Ж.Гүррагчаагийн анд-сансрын ахан дүүс В.Горбатко, Г.Береговой, В.Леонов, В.Жанибеков, В.Савиных, В.Ляхов болон сансар судлалын эрдэмтэн мэргэдтэй уулзаж нэвтрүүлэг бэлтгэж Москвагаас дамжуулж байснаа дурсан санаж байна.


“Интеркосмос” программын хүрээнд “Салю-6”, “СоюзТ-4”, “Союз-39” хөлгийн нислэгийг амжилттай сурвалжилж Зөвлөлт-Монгол хоёр орны сансрын хамтын үйл хэрэгт хувь нэмэр оруулсныг үнэлж Зөвлөлтийн нислэгийг удирдах төв /ЦУП/-өөс “Дурсгалын медаль” гардаж авч байснаа миний бие энэ түүхэн ойн агшинд дурсахдаа таатай байна.


Угаас дээд тэнгэрээс гарвалтай, тэнгэрлиг хийморьтой, тэнгэр шүтээнтэй монгол хүмүүний сансар-дэлхийд байгуулсан түүхэн гавьяа мөнх тэнгэрийн дор мөнхөд дуурсагдсаар байх бүлгээ.

 

Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан “Союз-39” хөлгийн нислэгийн 40 жилийн ойг тохиолдуулан, тэрхүү түүхэн гарамгай үйл явдлыг сурвалжлах Монголын Радиогийн уран бүтээлчдийн багийн ахлагч, сэтгүүлч Д.Хасбазар дурсан өгүүлвэй. 

Холбоотой мэдээ