Т.Бах ОУОХ-ны тэргүүнээр улиран сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-03-11 10:19:56

ТОКИО. /NHK/. Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүнээр Томас Бах улиран сонгогдлоо. Ийнхүү тэрбээр ОУОХ-ны тэргүүний албыг 2024 он хүртэл үргэлжлүүлэн хашихаар болов.


Т.Бах лхагва гарагт эхэлсэн ОУОХ-ны цахим чуулганы үеэр явуулсан санал хураалтаар олонхын саналаар улиран сонгогджээ.


Чуулганы нээлтийн үеэр Т.Бах, Токио Олимпын наадмыг зохион байгуулах хамгийн бэлтгэл сайтай хот хэвээр байгааг дурдаад, Олимпын нээлтийн ёслол долоодугаар сарын 23-нд болно гэдэгт эргэлзэх шалтгаан энэ цаг мөчид алга байна гэж мэдэгджээ. 


Мөн Олимп болох эсэхэд бус хэрхэн явуулах тухайд гол анхаарлаа хандуулах хэрэгтэйг ОУОХ-ны тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.


ОУОХ-ны чуулганы хоёр дахь өдөр Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хороо бэлтгэл ажил хэрхэн үргэлжилж байгаа талаараа танилцуулна. Тус хорооны тэргүүн Хашимото Сэйко Т.Бахыг улиран сонгогдсонд баяр хүргээд, Олимпыг аюулгүй зохион байгуулахын төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ мэдэгджээ. 

Холбоотой мэдээ