PCR шинжилгээний хариуг үндэслэн аймаг руу нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-10 09:56:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан болж, цаг үеийн шинж чанартай шийдвэрүүдээ мэдээллээ.

Орон нутаг руу нэвтрүүлэх

- Голомтот бүс буюу шар, улаан бүс нутгаас Баянхонгор аймагт ирж буй иргэдийг зөвхөн PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх

- Ногоон бүс нутгаас ирэх иргэдийг тухайн газраас олгосон эрүүл мэндийн асуумжийг үндэслэн нэвтрүүлэх

- Хоёр тун вакцинд хамрагдсан иргэдийн нотлох баримтыг үндэслэн нэвтрүүлэх

- Эцэг эхтэйгээ явж буй 12-оос доош насны хүүхдийг нотлох баримт бичгийг үндэслэн PCR шинжилгээ харгалзахгүйгээр тус тус нэвтрүүлнэ. 


Гэрийн тусгаарлан ажиглалт

- Голомтот бүсээс ирсэн иргэд 7 хоногийн хугацаанд  гэрийн ажиглалтад байна.

- Гэрийн ажиглалтад байх хугацаанд тус иргэн ажиглалтын дэглэмийг чанд мөрдлөг болгон гэртээ байх бол тухайн иргэний гэр бүлийн гишүүд халдвар хамгааллын дэглэм баримтлан /ажил, сургууль, цэцэрлэгт явах/ нийгмийн харилцаанд оролцож болно.

- Тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдэд хяналт тавих "Clix GPS" программын шаардлагатай тоног төхөөрөмжөөр холбогдох газруудыг хангана.


Тусгаарлах байраар хангах

- Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудыг Тусгаарлах байраар ээлжлэн ашиглахад бэлтгэл бэлэн байдлыг хангах

- Тусгаарлах байраар хангах үйл ажиллагааг шуурхай явуулж иргэдээс авах жишиг үнийг /хоол, ариун цэврийн хэрэгсэл, ор хоног/ дахин тогтоож улмаар холбогдох дүрэм журмын хүрээнд иргэдэд хүндрэл учруулахгүй зохион байгуулах


Үйлчилгээний цагийн горимд өөрчлөлт оруулах

- Худалдаа үйлчилгээний байгууллагууд 21.00 цаг хүртэл 

- Баар, караоке, пабууд 22.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах


Хил залгаа аймгуудаас орж гарах хөдөлгөөнд хяналт тавих

- Архангай, Дорноговь, Завхан, Төв зэрэг хил залгаа аймагт коронвирусний халдвар гарч, улаан бүсэд бүртгэгдсэн тул халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлж хөрш зэргэлдээ орших сумдын хяналтын постыг нэмж байгуулан, албан болон албан бус автозамуудын хөдөлгөөнд тавих хяналтыг өндөрсгөх үүргийг сумдын Засаг дарга нарт өгчээ. 

Аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэр аймгийн хэмжээнд өнөөдрөөс мөрдөгдөж эхэлнэ.

Холбоотой мэдээ