Ирэх сарын нэгэн хүртэл мотоциклоор зорчихыг хоригложээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-02 16:58:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цас, мөс хайлаагүй, хальтиргаа гулгаатай үед  мотоцикл унах нь осолд өртөх шалтгаан болж буйг ТЦА-наас анхааруулжээ. 


Нийслэл болон аймаг, сумын Засаг даргын захирамжаар жил бүрийн 10 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1 хүртэлх хугацаанд мотоциклоор зорчихыг хориглосон байдаг. Гэвч цаг агаар дулаарангуут мотоциклтой иргэд хөдөлгөөнд оролцож, осол гаргах болсон байна. Гол нь БНХАУ-ын орон нутагт үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангаагүй, баталгаагүй мотоцикл унаснаас осолд өртөж байгаа бөгөөд осолд өртөгсдийн дийлэнх нь хамгаалалтын малгай өмсөөгүйгээс тархи, нугасандаа гэмтэл авдаг аж. Жилд дунджаар 100-120 хүн мотоциклийн ослоор энддэг гэсэн тоо гарчээ.


Хятадад үйлдвэрлэсэн мотоцикл нь хайлшсан обудтай учир бартаат замд тохирохгүй, техникийн шаардлагыг хангадаггүй байна. Мотоцикл нь зөвхөн урин дулаанд унадаг, улирлын чанартай тээврийн хэрэгсэл гэдгийг ТЦА-наас сануулж, хамгаалалтын малгай өмсөж, хурдаа тохируулж явахыг зөвлөжээ.


Холбоотой мэдээ